An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

БИОКОМБИНАТЫН АЖИЛЛАГСДЫН ТҮР ХОРООНООС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

ХэвлэхИ-мэйл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ, ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА Д.СУГАР НАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ:

Монгол улсын Засгийн газрыг тэргүүлж буй ерөнхий сайд, салбарын яамыг хариуцсан сайд, өмчийн хувьд харъяалж удирддаг ТӨХ-ны дарга та бүхэнд хандан Биокомбинат ТӨААТҮГ-ын эргэлзээтэй бөгөөд бүрхэг болж буй ирээдүйг аврах болон хууль бусаар халагдаж хохирсон мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү шаардлагыг хүргэж байна. Бид өмнө нь олон удаа та бүхний анхаарлыг эдгээр асуудалд хандуулахаар оролдоод төдийлэн үр дүнд хүрээгүй боловч хойшид шуурхай арга хэмжээ авч бодит баримт нотолгоонд тулгуурласан, шударга шийдвэр гаргана гэдэгт найдсаар л байна.

 

Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2010 оны 11 сарын 11-ний өдөр Монгол улсын Төрийн өмчийн хороо 433 дугаар тогтоол гаргаж Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар “Цагаан залаа агвет” ХХК-ны захирал Б.Баттогтох гэгчийг томилсон.

Тухайн үед ТӨХ-ны тэрхүү шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчиж байсан учраас тус үйлдвэрийн хамт олон эсэргүүцсэний үр дүнд ТӨХ 433 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Ийнхүү тэр цаг үеэс эхлэн “Цагаан залаа агвет” ХХК-ны захирал Б.Баттогтох гэгч этгээд нь Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилогдохын тулд ТӨХ-ны нэр бүхий ажилтнуудтай хуйвалдан сонгон шалгаруулалтыг будлиантуулж, улмаар Т.Бадамжунай сайдаар 2011 оны 07-р сарын 05-ны өдрийн 1/2100 тоот зөвшөөрлийн бичиг гаргуулж чадсан. Зөвшилцлийн бичгийг үндэслэн 2011 оны 07 сарын 07-ны өдөр “Цагаан залаа агвет” ХХК-ны захирал Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар дахин томилсон болно.

Энэхүү эхнээсээ хууль бусаар буюу хуйвалдаанаар эхэлсэн томилгоог тус үйлдвэрийн хамт олон бид эсэргүүцэж 2010 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хандаж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн билээ.

Гэвч харамсалтай нь энэхүү томилгоо нь холбогдох хууль, журам, нэр дэвшигчид тавьсан шаардлагуудыг бүгдийг нь зөрчиж илт дээрмийн шинжтэй үйлдэл болсныг Монголын нийгэм бүхэлдээ анзаарч ойлгож байгаа ч эрх мэдэлтнүүд хууль, эрх зүйн актыг үл биелүүлэн, хуйвалдаанаа үргэлжлүүлсээр, хууль бус үйлдлээ хаацайлж хамгаалсаар өдий хүрч байна.

Бидний 20 гаруй мэргэжилтэн энэхүү хууль бус үйлдлийг нь илчилж эсэргүүцсэний улмаас мэргэжлийн ажлаа хийх эрхээ хасуулан ажлаасаа хууль бусаар хомроголон халагдаад ажил ч үгүй, амьдрал ч үгүй болж одоогоор Б.Баттогтох нар нь 20 гаруй айлын амьдралыг орвонгоор нь эргүүлж сүйрүүлээд байж байгааг Та бүхэн сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газраас 2011 оныг “Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” хэмээн зарласан. Гэвч эрх ашгийн том зөрчилтэй ганц Б.Баттогтохыг ажилтай болгохын төлөө бидний 20 гаруй мэргэжилтний “ажлын байр”-ыг булаан дээрэмдэж, бидний ард байгаа 100 орчим ам бүлийг амьдрах аргагүй болгож байгаад туйлын ихээр харамсаж байна. “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутайн” үлгэрээр эрх мэдэлтэн, хууль бусаар баяжигсад, хууль үйлчилдэггүй гэмт хэрэгтэн, төрийн ажил албыг наймаалцагч этгээдүүдийн өмнө бид буруутан болсоор өнөөдрийг хүрлээ.

За яахав “Цагаан залаа агвет” ХХК-ны захирал Б.Баттогтох гэгч этгээдийг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар дахин томилсон ТӨХ-ны шийдвэр нь холбогдох хууль, журам, нэр дэвшигчид тавих шаардлагаа “зөрчөөгүй” гэж үзье.

Тэгвэл түүний 2011 оны 07 сарын 07-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилогдож очсоноосоо хойш хийж буй хууль бус үйлдлийг нь тус үйлдвэрийн хамт олон, удирдах дээд байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг, мэргэжлийн хяналтын байгууллага болон шат шатны шүүхийн байгууллагууд тогтоосоор байхад Б.Баттогтохтой хариуцлага тооцох ёстой ТӨХ, ХХААХҮЯ нь ямар ч арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байсаар өдийг хүргэлээ.

Тухайлбал,

1-рт: Б.Баттогтох нь томилогдож очсон даруйдаа буюу 2011 оны 08 сарын 24-ний өдөр Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шилийн гол” ХХК-тай 283,9 сая (283.900.000) төгрөгний үнэ бүхий бараа худалдан авах гэрээг ямар нэгэн тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулаад, бараагаа худалдаж аваад эхэлчихсэн байсан үйлдлийг нь тус үйлдвэрийн хамт олон бид илрүүлэн 2011 оны 09 сарын 05-ны өдөр ТӨХ-ны дарга Д.Сугарт мэдэгдсэний үр дүнд тэрхүү хууль бус үйлдлийг нь таслан зогсоосон.

Жич: 2011 оны 08 сарын 24-ний өдрийн “Шилийн гол” ХХК-тай байгуулсан 283,9 сая (283.900.000) төгрөгний үнэ бүхий бараа худалдан авах гэрээний хуулбарыг хавсарган та бүхэнд хүргүүлэв.

2-рт: ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/246/152 дугаар хамтарсан тушаалаар баталсан ажлын хэсэг “Биокомбинат” /ТӨААТҮГ/-т 2011 оны 09 дүгээр сарын 12-ноос 15-ны єдрийн хооронд ажиллав.

Ажлын хэсгийн ахлагч: Л.Ганбат- /Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга/

Гишүүд: С.Дивангар - /ХХААХҮЯ-ны МХШҮГ-ын мэргэжилтэн/

Я.Номхон - /ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын ахлах мэрэгжилтэн/

Н.Ринчиндорж - /ТӨХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга/

Д.Батсүх - /ТӨХ-ны ТӨУХГ-ын ахлах мэргэжилтэн/

Ц.Пүрэвхүү - /ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын

Ерөнхий эпидемиологич/

Д.Батжаргал - /МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын Мал эмнэлгийн хяналтын ахлах байцаагч/

Г.Янжинсүрэн - /Нийслэлийн МХГ-ын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч/

Ж.Эрдэнэбаатар - /МЭХ-ийн дэд захирал/

Д.Ууганбаяр - /МЭЭСБУЛ-ийн шинжээч/

М.Нансалмаа - /УМЭАЦТЛ-ийн шинжээч эмч/

Ажлын хэсэг Б.Баттогтохын хийж буй хууль бус үйлдлүүдийг шалгаж тогтоосон. Жич: Ажлын хэсгийн дүгнэлтийг та бүхэн албан ёсоор авсан байгаа ч хуулбарыг хавсарган та бүхэнд хүргүүлэв.

3-рт: Өнөөдрийн байдлаар Чанарын хяналт-шинжилгээний лабораторийн эрхлэгч Ж.Ганбат, Судалгаа хөгжлийн лабораторийн эрхлэгч Б.Энхбаатар, Вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч С.Батхуяг, Вакцин үйлдвэрлэлийн I цехийн эрхлэгч М.Хашбилэг, Вакцин үйлдвэрлэлийн II цехийн эрхлэгч Б.Баяртогтох, Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч Б.Дагважамц, Хөлдөөлт хатаалтын цехийн эрхлэгч Ц.Нямжаргал, Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч Т.Хунцэцэг, Тэжээлт орчин бэлтгэлийн цехийн эрхлэгч С.Туяа, Борлуулалтын цехийн эрхлэгч С.Наранцацрал, Вакцин үйлдвэрлэлийн I цехийн технологич С.Дашдэмбэрэл, Омгийн сан лабораторийн бактерилогич Г.Түвшинбаяр, Вакцин үйлдвэрлэлийн II цехийн технологич Э.Батцэцэг, Чанарын хяналт шинжилгээний лабораторийн химич Ш.Баярцэцэг, Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн технологич Д.Цолмон, Чанарын хяналт шинжилгээний лабораторийн шинжлэгч Ж.Ариунтунгалаг, Омгийн сан лабораторийн бактерилогич Д.Ганчимэг, Омгийн сан лабораторийн вирусологич С.Хишигсүрэн, Вивар цехийн эрхлэгч Д.Уранчимэг, Чанарын хяналт шинжилгээний лабораторийн шинжлэгч С.Уранчимэг нарын 21 мэргэжилтэнг ажлаас хууль бусаар халаад байна.

Б.Баттогтохын хийж буй хууль бус үйлдлийн заримыг нь шүүхийн байгууллагын зарим шударга шүүгчид тогтоогоод байна. Тухайлбал, 2011.11.03-ны өдөр Хан-уул дүүргийн шүүх, 2011.12.19-ний өдөр Нийслэлийн шүүхээс Тэжээлт орчин бэлтгэлийн цехийн эрхлэгч С.Туяаг ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас нь халсан болохыг; 2011.12. 07-ний өдөр Хан-уул дүүргийн шүүхээс Хөлдөөлт хатаалтын цехийн эрхлэгч Ц.Нямжаргал, Борлуулалтын цехийн эрхлэгч С.Наранцацралт нарыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг; 2011.12. 27ы өдөр Хан-уул дүүргийн шүүхээс Вивар цехийн эрхлэгч Д.Уранчимэгийг ямар ч үндэслэлгүйгээр тушаал бууруулж, улмаар үйлдвэрийн хаалгаар нэвтрүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг нь тус тус тогтоож тэднийг ажилд нь эгүүлэн оруулахыг даалгасан шүүгчийн захирамж гарсан байгаа.

Гэвч Б.Баттогтох нь өөрийн хуйвалдагч нарынхаа “хамгаалалт”-нд найдаж, дулдуйдан шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн тэднийг ажилд нь эгүүлэн оруулахгүйгээр өнөөдрийг хүрлээ.

Үүний шалтгаан нь хууль бусаар ажлаасаа халагдагсдын ажлын байранд Б.Баттогтох өөрийнхөө хамсаатнуудыг томилон ажиллуулж байгаатай холбоотой. Тэднийгээ хэдэн хоног, хэдэн сараар ч болов ажиллуулж цалинжуулах гэсэн л оролдлого.

Ингэхийн хэрээр төрийн буюу байгууллагын мөнгө 2 дахин илүүгээр үрэгдсээр л байх болно. Учир нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн оруулахыг тогтоолгосон мэргэжилтнүүдэд ажилгүй байсан хугацааны цалинг нь бүрэн гаргуулж олгохоор шүүхийн шийдвэрт тусгасан байгаа.

Түүний эдгээр үйлдэл нь Монгол улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг (14.1.8. ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халах, энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг зөрчих, 65.3. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн нь тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно.) зөрчсөн нь тодорхой байгаа болно.

Жич: Шүүхийн шийдвэрийн хуулбарыг хавсарган хүргүүлэв.

4-рт: 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын байцаагч, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч, Хан-Уул дүүргийн 12-р хорооны цагдаагийн тасгийн ажилтан нар мэдээллийн дагуу гэнэтийн шалгалтыг Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лабораторит хийхэд Б.Баттогтох захиралтай Биокомбинат ТӨААТҮГ-т 2011 оны 9, 10, 11, 12-р саруудад үйлдвэрлэсэн мал амьтдыг “Цусан халдвар өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин”-ны 1039, 1040, 1041, 1042, 1043, 1044-р цувралын 152 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий 7571 литр вакцин, “Хонь ямааг дотрын халдварт хордлого өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин”-ны 420-р цувралын 26 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий 1250 литр вакцин, Шувууг тахлаас сэргийлэх амьд вакцины 64-р цувралын 5 сая 300 мянган төгрөгний үнэ бүхий 280.000 тун вакцин нь үндэсний стандартын шаардлагад тэнцэхгүй нь МЭЭСБУЛ-ын Сорилтын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна.

Жич: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас хийсэн шалгалтын танилцуулга, дүгнэлт, албан тоотыг хавсарган хүргүүлэв.

Мөн энэ хугацаанд Вакцин үйлдвэрлэлийн 1, 2-р цехүүдэд үйлдвэрлэлийн явцад технологийн алдаа доголдол олонтаа давтагдан гарч ойролцоогоор 180 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 9000 гаруй литр гологдол шингэн вакциныг асгаж устгасан тухай баттай мэдээлэл байгаа.

Дээр дурдсан байдлаас үзэхэд өнөөдрийн байдлаар 350 гаруй сая төгрөгний үнэ бүхий вакциныг үйлдвэрийн дотооддоо болон МЭЭСБУЛ-ын шалгалт, мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогдсоноор стандартын шаардлаганд нийцэхгүй чанартайгаар үйлдвэрлэж устгаад байж байна.

Цаашид үүнээс ч илүү ноцтой хохирол учруулахуйц технологийн алдааг Б.Баттогтох болон түүний хамсаатнууд гаргачихаад байж байгаа нь дараа дараагийн шалгалтаар илрэх байх.

Тус үйлдвэрийн мэргэжлийн удирдлага алдагдан, технологийн доголдол гарч их хэмжээний хохирол учирч байгаад мэргэжлийн дүгнэлт хийх, хариуцлага тооцон засч залруулахын оронд үр ашиггүй зардлыг улам нэмсэн, явуургүй аргаар ажилчдын сэтгэл санааг татах шагнал, мөнгө тараах үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Жишээ 1: ТӨХ-ны хурал болон хэвлэл мэдээллээр Биокомбинат бол дампуурсан үйлдвэр байна хэмээн гутааж байсан этгээд нь жилийн эцсийн санхүүгийн тооцоо гараагүй байхад өмнөх жилийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнд орсон орлогоос 60 гаруй сая төгрөгийг “шагнал урамшуулал” нэрийдлээр тараасан,

Жишээ 2: Шинэ жилийн үйл ажиллагааг 30 гаруй сая төгрөгийн үрэлгэн зардалтай зохион байгуулж, замбараагүй архидуулан тэмдэглэсэн.

Жишээ 3: Үйлдвэрлэл технологийн албаны даргаар томилон ажиллуулж байсан бөгөөд ажиллуулж байгаа Т.Даваадолгор, Б.Дуламсүрэн нарын хамсаатан нартаа зориулан “Шагналын журам”-д өөрчлөлт оруулан байж 10 сая орчим төгрөгөөр шагнасан,

Жишээ 4: Өмнөх захирал, захирлын үүрэг гүйцэтгэгч нарын үед урсгал засварыг нь хэвийн явуулан ашиглаж байсан Ланд крузер 105 автомашинд 10 гаруй сая төгрөгөөр нэмэлт засвар, тоноглол хийлгэсэн.

Жишээ 5: Үйлдвэрлэлд бага хэмжээгээр шаардагддаг Панкипсин ферментийг тендер зарлалгүйгээр “Монэнзим ХХК”-иас их хэмжээгээр худалдан авч зориулалтын бусаар ашиглаж 10 гаруй сая төгрөгийн үргүй зардал гаргасан зэргээр урт жагсаалт хөвөрнө,

Ийнхүү Б.Баттогтох захирлаар томилогдож очсон даруйдаа биобэлдмэл, вакцины үйлдвэрлэлээр мэргэшиж дадлагажсан, мэргэжлийн мэдлэг туршлагатай 20 гаруй мэргэжилтнийг халж, тэдгээрийн оронд хамтран хулгай хийж байсан хамсаатнууд, танил талын мэргэжлийн бус, туршлага дадлагагүй хүмүүс ажиллуулсны ‘’үр дүн’’ гарч байгууллагын буюу төрийн 350 гаруй сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг устгаад мөн 120 гаруй сая төгрөгийг удирдах дээд байгууллагын зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар буюу үргүй зараад байна.

Эндээс үзэхэд 2011-2012 оны үйлдвэрлэлийн жилд үндэсний стандартын шаардлагад нийцсэн сайн чанартай вакцин, биобэлдмэлээр Монгол улсын дотоодын хэрэгцээ буюу мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдийг хангах ямар ч найдваргүй болсон нь илэрхий байна.

Эрх бүхий албан тушаалтнууд та бүхэн энэ асуудлыг анхааралдаа авч, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн өмчөөр гараа угааж буй Б.Баттогтоход холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцохыг шаардаж байна.

Биокомбинатын ажиллагсдын түр хороо:

2012.01.04

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод