

Бичсэн admin
2011 оны 10-р сарын 19, Лхагва гариг, 19:54
Оюутолгойн гэрээгээр Засгийн газрыг шахаанд оруулахыг оролдож эхэлсэн эрэлхэг 20 гишүүнээс урвагчид аль хэдийн тодроод эхэлжээ. Сү.Батболд ч Засгийн газрын танхимаа хамгаалж үлдэхийн тулд эсэргүү 20 -той тулж ажилласан гэнэ. Тэрбээр өөрийн намын гишүүдээ өрсөлдөгч үгүйгээр хуучин тойргууд дээр чинь нэр дэвшүүлнэ хэмээн муур багшийн үлгэр ярьж, АН-ын нөхдүүдэд чамтай сул хүн өрсөлдүүлнэ гэж мэх тавьсан гэцгээж байна. Сү.Батболдыг тойрсон энэ яриа оргүй гэдгийг улаан хацарт Ц.Батбаярын ерөнхий сайд хэрхэн тендер амалсан тухай мэдээллээс тодроод байгаа нь ч нууц биш. Сонирхолтой нь эдгээр тэнэмэл үгс үнэн гэдгийг батлах гэсэн шиг эсэргүү 20- д нэрээ бичүүлсэн Д.Тэрбишдагва, Сайхансамбуу, Амаржаргал, Я.Батсуурь нарын Засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээсэн үг, үгэлбэрүүд аль хэдийн хэвлэлээр дамжин олон нийт рүү нисэн оджээ.
Ингэхлээр Сү.Батболдын Засгийн газрыг огцруулах тухай яриа энэ намрын сайхан мөрөөдөл болон хоцорчээ. Ер нь МАНАН-гийн Засгийн газрыг огцруулах хүсэл нэг биш нэлээд хэдэн бүлэглэлийн эрх ашиг болоод байгаа нь нууц биш. Анх солигдмол Үүлийн санаачлагаар өнгөрсөн 7-р сард ерөнхий сайдыг огцруулна гэсэн яриа өрнөсөн. Энэ яриаг өдөөсөн Үүл одоо яг одоо санал санаачлагынхаа эсрэг талд зогсч байна. Үүлийг улс төрийн хүрээнийхэн цөөнхийн талд дуугараад олонхийн талд саналаа өгдөг солигдмол хүн гэж томьёолдог нь оргүй бололтой. Анх Үүлийг ерөнхий сайдын эсрэг дуугараад эхлэхээр хүмүүс “С.Баяр дахин ерөнхий сайд болох замаа эхлүүлж байна” гэцгээсэн. Эндээс үзэхээр С.Баярт засгаар оролдох хүсэл байгаа гэдэг нь цухалзаад байгаа. Тэгэхдээ С.Баяр ерөнхий сайдын суудалд өөрөө суулгүй Н.Энхболдыг утсан хүүхэлдэй болгон тавьчихаад өөрөө намын дарга болно гэж зүтгэнэ гэсэн яриа гарсан. Энэ ч оргүй байх. Үүнтэй зэрэгцээд У.Хүрэлсүх би ерөнхий сайд болно гээд довтолгоонд бэлдсэн гэдэг. Энэ яриа мөн оргүй гэдгийг Сү, Хүрэлсүх хоёрын зөрчил тодруулаад өгсөн. Мөн энэ бүхний хажуугаар М.Энхболд сэмхэн гэтэж буй тухай яриа ч гарсан. М.Энхболдын натур нь угаасаа тийм. Улаанбаатарын тодотголтой МАН –ын хамгийн хүчирхэг бүлэглэл түүнд байгаа. Тэр боломж гарвал Засгийн эрхийг элээ шиг шүүрчихнэ гээд л хүлээж суугаа. МАН дотор засгийг оролдох ийм гурван бүлэглэл бий. Харин Сү –г унагахыг хүсч буй бүлэглэл АН-д ганцхан бий. Тэр нь мэдээж Ардчилсан хүчний холбооныхон. Бусад нь албан тушаал боломж хоёртойгоо зууралдан сонгууль хүргэхийг хүсч байгаа нь тодорхой юм. Эдгээр нөхдөөс гадна Сү-г унагах сонирхол мэдээж Н.Энхбаярын болон түүний нөхдөд бий. Тэд эрх баригчдыг хоорондоо хэмхэлдээсээ хэмээн ханцуй дотроо залбирч суугаа нь мэдээж билээ. Энэ бүх ашиг сонирхол дунд Сү-гийн Засгийн газар хэрхэн тэсч буй нь туйлын сонирхолтой бөгөөд гол нууц нь АН-д байгаа билээ. Түрүүвчээрээ хэлхэлдсэн АН-хан тэртусмаа Алтанхуягийн алтангадасчуудыг, МоАХ-ыг тойрсон 20 гаруй гишүүн Сү-г хамгаалаад байгаа юм. Тэдэн дээр МАН-ын үлдсэн нөхдүүд нийлээд батбэх нэгдлийг үүсгэсэн байгаа юм. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Хүрэлбаатар, Отгонбаяр гэх зэрэг тамга баригчидтай ажиллаад сурсан хүмүүс МАН-д олон бий. Тэд маргааш мөн л тамга баригчидтай тас тэврэлдэнэ. АН-д ч яг тийм дүр төрхтэй хүмүүс олон болжээ. Товчхондоо тамга баригч хэн нэгэнд тал засагчдын нэгдэл Сү-гийн Засгийн газрыг найдвартай хамгаалж байгаа билээ. Тэд бол бэртэгчид юм. Бэртэгчид юун дээр нэгдэж чаддаг вэ гэхлээр хувийн эрх ашиг дээр нэгдэж чаддаг юм. Сү.Батболд бэртэгчидийн энэ чанарыг барьж ажиллаж байгаа болохоор танхимаа хамгаалж чадаад байгаа юм. Нууц нь ердөө л энэ. Үүнтэй зэрэгцээд одоо хэд хэдэн пиар Сү-гийн Засгийн газрын төлөө хүрээгээ тэлж явна. Түүний нэгдүгээрх нь мэдээж хаяанд сонгууль ирчихээд байхад засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн мессэж. Энэ мессэж бол эрх баригчдын хамгийн сайн сурсан башир аргын нэг. Үнэхээр засаг нь болохгүй байгаа бол маргааш сонгууль болох байсан ч өнөөдөр огцруулж болно шүү дээ. Эрх баригчдын нэг буруу шийдвэр улс орны хувь заяагаар тоглох болно шүү дээ. Тийм болохоор дараа хаврын сонгууль хүртэл хүлээнэ гэдэг бол улс орныхоо хувь заяагаар тоглож буй л хэрэг юм. Хоёрдахь мессэж нь бол үүнийгээ арай гүнзгийрүүлсэн айдас дээр дөрөөлсөн мессэж. Тэр нь юу гэхлээр С-гийн засгийн газар огцрох юм бол С.Баярын хүмүүс засагт эзэн суух гээд байна. С.Баярын ард оросын талыг барьсан илт харгис нөхөд явж байна гэсэн мессэж юм. С.Баяр оросуудтай нийлээд Монголыг баллах юм гэнэ. Бас л танил мессэж байгаа биз. Хэн нэгнийг хадны мангаа болгоод өөрсдөө хожиж үлддэг башир арга манай улс төрчдийн дархан мэх болжээ. Өмнө нь тэд Н.Багабанди, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Н.энхбаяр гээд л олон мангас тодруулсандаа. Эндээс олон арван толгойтой бэртэгчдийн нэгдмэл нэг ашиг сонирхол засгаар тоглож сурсан нь харагдаад байгаа юм. Тэд яг харх шиг. Цөмийн дэлбэрэлтийн дараа ч тэд хороо найруулаад сууж мэдэх хүмүүс. Тэд бол төрд, засаглалд урт удаан жил гэмгүй царайлан хоолны сайныг идэж ирсэн бүлэг хүмүүс юм. Тэр хүмүүсээс салаагүй цагт Монголын төр өөдөө гарахгүй ээ. Сү батболын засгийг огцруулж болно. Тэглээ гээд сүйдтэй юм юу ч болохгүй. Гэхдээ өнөөдөр хэн ч Сү гийн засгийг огцруулж чадахгүй. Бэртэгчидээр хүрээлүүлсэн Сү-гийн засаглал сонгууль хүргэнэ. Юу үнэн энэ л үнэн юм.
Ц.Баяраа