2011 ОНЫ СҮРГИЙН МАНЛАЙ АЗАРГА “АЛТАН ГЭРЭГЭ” ХҮРТЭВБичсэн admin 2011 оны 12-р сарын 14, Лхагва гариг, 15:50
Жил жилийн 12 дугаар сар гармагц хот даяараа шинэ жилийн уур амьсгал ороод явчихдаг бол энэ жил бүр эрт, 11 дүгээр сард шинэ оноо урин залж угтан авч байгаагаа сүйхээтэйхэн бизнесийн компаниуд зарлаад худалдан авагчдын сэтгэлийг хөдөлгөөд эхэлсэн билээ. Багш нарын хугацаагүй ажил хаялт, сонгуулийн хуулийн маргаан, улс төрийн уучлал гуйх эсэх энэ тэр олон халуун үйл явдлуудтай зэрэгцээд албан байгууллагуудын шинэ жил болдгоороо болж л байна. Зарим байгууллага, холбоо радио телевизээр шинэ жилийн арга хэмжээгээ нэвтрүүлж ажил, амжилтаа сурталчилж байна. Үүний нэг нь 2 дахь жилдээ тэмдэглэж байгаа уяачдын холбооны шинэ жилийн цэнгүүн юм. Ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын шадар сайд М.Энхболдын ажиллаж байгаа Морин спорт уяачдын холбооныхон өнгөрсөн оныхоо амжилтаа өргөн тэмдэглэж, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас ч төлөөлөгч ирснээ баяртай дуулгаж байна аа. Хурдан морь унаж байгаа хүүхдүүдээс анхны МУ-ын спортын мастер, хэд хэдэн дэд мастер төрж байна. Шилдэг 9 уяач, шилдэг хурдан морь унаач 9 хүүхдийг шалгаруулан “Алтан гэрэгэ” олголоо. Бас сүргийн манлай азарга 9, их насны хүлэг 9-ийг оноогоор эрэмбэлэн шалгаруулж “Алтан гэрэгэ” олголоо. Түмэнцогтын зээрд азарга, Чойдогийн Батбадрахын ухаа халзан их нас, Пүрэвийн Мэндбаярын хар халзан их нас, Базаргарьдын их нас гэх мэтчилэн дуудаж морьдод олгосон гэрэгэг эзэд нь гардаж байна. Арай л шинэ жилийн танхимд хурдан морьд гарч ирж өргөмжлөлөө авсангүй. Эзнээ тэжээж, нэр хүнд, хийморь сүлдийг нь өргөж яваа морьдынхоо өмнөөс шинэ жил тэмдэглэж, сүргийн манлай, хурдан морьдын өргөмжлөлийг гардахын тулд эзэд нь мөнгө төлөө дөө. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа үнийн өсөлтийг дагаад шинэ жилийн арга хэмжээний зардлууд ч талийж өгч байна. Дунджаар Улаанбаатар хотод болж буй шинэ жилийн баярын ширээний үнэ 50,0-80,0 мянган төгрөг тэгээд л цааш хэдэн зуун доллараар л яригдаж байгааг хэн хэнгүй мэднэ.Тэгэхээр өндөр үнэтэй шинэ жилд ороод ганцаараа баярлачихвал хүүхдүүд маань баярын ширээний бялуугүй болох нь. Өөрөөсөө харамласан хэдэн төгрөгөөрөө үр хүүхдээ баярлуулахаас өөр аргагүй. Гэтэл хэдэн хүүхдэдээ бэлэг өгч, бялуу хувааж идэж баярлаж ч чадахгүй байгаа иргэд хэд байгаа билээ. Хүнээс илүү азтай морьдод атаархах маань зөв ч юм шиг. Д.Ганаа
Нийтэд түгээх
Найздаа мэдэгдэх
Сэтгэгдэл (0)
![]() |
| ||||||
| |||||||