An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

М.Саруулдалай: Шүлэг бичихийн шалтгаан нь шаналал байдаг

PDFХэвлэхИ-мэйл

-Таны “Цаг хугацааны ирмэлт” шинэ ном уншигчдын гар дээр очиж байна. Энэ номноос таны яруу найргийн төдийгүй уран бүтээлийн ертөнц бүхэлдээ харагдах шиг. Шинэ номынхоо талаар юу хэлэх вэ?

- Энэхүү “Цаг хугацааны ирмэлт” цоморлигт маань яруу найргийн төрлөөр өмнө нь бичиж хэвлүүлсэн номнууд төдийгүй шинээр бичсэн ”Сэтгэл сэвгэнэхүй” шүлгийн түүвэр, “Гэрэлт өдрүүд” дурсамж тэмдэглэлийн ном багтсан. Цоморлиг гэдэг утгаараа зөвхөн шүлэг төдийгүй утга зохиолын төлөө миний бодлууд, анд нөхдийн маань надад зориулсан үгс, хамтдаа татуулсан гэрэл зураг гээд олон зүйл багтсан учир миний уран бүтээлийн ертөнц бүхэлдээ харагдах байх л даа.

-Шүлгүүд чинь ер нь ямар үед төрдөг вэ? “Цас навчны шүлгүүд” номыг чинь уншихаар нам гүмхэн орчныг санагдуулсан нэг л өвөрмөц мэдрэмж төрөөд байдаг.

- Намар. Намар л хамгийн их шүлэг бичдэг дээ. Дэлгэрч, дэгдэж байсан юм бүхэн өөрчлөгдөж, хорвоогийн мөнх бусыг өөрийн эрхгүй санагдуулагч энэ улиралд маш их гуниг эмзэглэл төрдөг. Ихэнхдээ шөнө бичдэг. Шалтгаан нь гэвэл шаналал байдаг. “Яруу найраг гэдэг найрал дуу бус, нулимс урсах чимээ” гэж нэг ухаантай хүн хэлсэн дээ.

”Шархадсан шувууны гаслангаас, эртний Жагарын оронд
Шархалсан зүрхний дуу –шүлэг анх үүслээ гэлүү” гэсэн яруу найрагч Д.Мөнхтөрийн шүлэг ч бий.

-Улаанбаатар хотод төрж өссөн, Хөвсгөлийн аав ээжтэй хүн чинь яаж яваад Дорнод аймгийн тэргүүний иргэн болчихсон байдаг байна аа?

Сайн нөхрийн буян, сайхан хүмүүсийн гэрэл гэгээнд татагдан, дорно зүгт дэвэх шувуун сэтгэлтэй болсоор удаж дээ. Т.Содномнамжил агсан маань л намайг Дорнодод маш олон хүнтэй танилцуулсан юм шүү дээ. “Тэргүүн”-ий тухайд бол Дорнодод зохиогддог найргийн наадмуудыг шүүж, тэнгэрийн орноо заларсан Т.Содномнамжил, Б.Тайван нарынхаа гаргаж амжаагүй шүлгийн номуудыг нь хэвлүүлснийг үнэлсэн хэрэг болов уу. Батламжин дээр “ Дорнод аймгийн иргэдийн оюун санааны амьдрал, залуу уран бүтээлчдийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тул...” гэсэн байна лээ.

-Хөвсгөлийн их усан далай, Дорнын их элсэн далай хоёрын хоорондох Саруулдалайгийн сэтгэл зүрх хэрхэн өөрчлөгдөж байдаг бол? Ер нь Саруулдалай өөрийгөө тодорхойлбол ?

- Хотод төрж өссөн болоод тэр үү, нэг их нутгархаад байдаггүй. Дэндүү цөөхүүлээ байж нутаг усаараа талцахад дургүй. Аав ижийн минь нутаг Хөвсгөл ч сайхан, аяс намуун Дорнодын тал ч сайхан, үндэстэн ястны найрал Ховд ч сайхан, өмнийн шаргал говь ч сайхан. Энэ бол тавьж байгаа асуулттай шууд хамаагүй ч монголчууд бидний бодож л явах зүйлийн нэг. Өөрийгөө тодорхойлохын тухайд бол миний хэлж ярьж байгаагаас уншигчдад ямар нэгэн ойлголт төрж л байгаа байх. Харин сонгодог утгаараа бол өөрийгөө тодорхойлно гэдэг хамгийн хэцүү зүйл шүү дээ. Бид чинь эцсийн эцэст “өөрийгөө тодорхойлох гэж л” яваа юм биш үү.

-Эрээнцавын Нямсүрэн агсантай их ойр дотно байсан. Тэр хүний тухай дурсвал барагдахгүй их яриа болох байх. Гэлээ ч товчхон ...

-Монгол орны маань хамгийн нам дор газар болох Эрээнцавд манай яруу найргийн хамгийн “өндөр” хүн амьдран сууж, шүлэг найргаа тэрлэн байсантай маргах хүн үгүй биз ээ. Нямсүрэн найрагчтай ойр байснаа эртний сайхан ерөөл, буян заяа гэж бодож явдаг аа. Тийм ч учраас “Цаг хугацааны ирмэлт” номонд маань Д.Нямсүрэн ахтай холбоотой олон шүлэг, ярилцлага, аян замын тэмдэглэл орсон байгаа.

Зүүн Монголын гайхамшиг үгүй болов.
Зүйрлэн хэтрүүлж магтах сэтгэл зусар болов.
Найраг шүлгийн тэргүүн сүмбэр орой
Наранд гялалзах мөнх цасгүй хоцров

Ард түмэн дэлгэр баян, “дэндүү олон” учраас
Авъяас билэгтэн үхсэн ч тоохгүй “даанч ядуу” учраас
Ахиж тийм гэгээрэл бийрийн үзүүрт төрөхгүй
Алтан шаргал үнэгний сүүлээ шарвах үзэсгэлэн
Арилсан бурхны солонго Эрээнцавд тусахгүй гэж манай “бадарчин” Ц.Батбаатар бичсэн. Сайхан шүлэг санагддаг. Ер нь Д.Нямсүрэн ахад зориулсан олон шүлэг байдгаас би гуч орчмыг цуглуулаад байгаа.

-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Ярилцсан: Д.Ганчимэг

2009.01.06

Сэтгэгдэл (1)Add Comment
0
Melody
April 13, 2012
80.217.29.161
Үнэлгээ: +0
Цас навчны шүлгүүд

Таны ном одоо ч ширээн дээр мин буй, саруул ахдаа амжилт хүсье

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод