МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНЭБичсэн admin 2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 14:10 Хүний амьдралын учир утгын ихэнх хувийг мөнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Идэх хоол, өмсөх хувцас, орох орон гэр, унах унаа машин гээд л аливаа хүний оршин тогтнохуйд мөнгөгүйгээр шийдэгдэх зүйл нэгээхэн ч үгүй. Тиймээс хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэж мөнгөнийн үнэ цэнийн тухай хэлц үг гаргасан нь бий. Ингэхэд энэ мөнгө гээч орчлонг хаанчилсан ид шидтэн ямар хүнд нь сүүдэр мэт наалдчихаад ямар хүнээс нь зэрэглээ мэт хулжиж зугтаад байдаг эд вэ гэдэг асуулт байнга гарч ирдэг. Энэ асуултын хариуг улс үндэстэн бүр янз бүрээр томьёолсон байдаг. Тухайлбал, америкууд ухаантай юм бол чи мөнгөтөй байх чинь яасан юм бэ хэмээн өгүүлдэг гэж байгаа. Харин хятадууд мөнгө бол сүнс л гэсэн үг гэж томьёолсон бий. Монголчуудын дунд мөнгөний тухай ойлголт арай өөр. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байх нь дээр гэж өгүүлдэг. Эдгээр үгүүдээс харахад мөнгөний тухай ойлголт нь нийгмийнхээ хэв шинжийг тодорхойлоод байх шиг санагддаг юм. Таван миллиард хүн амтай хятад оронд мөнгийг сүнс мэт үзэж амьдрахгүй бол мэдээж амьд явах баталгаагүй гэдэг нь тодорхой. Чөлөөт зах зээлтэй Америк оронд боломж бололцоо нь байсаар байхад халаасандаа сохор зоосгүй явна гэдэг ухаантай хүний шинж биш гэдэг нь ч ойлгомжтой. Харин монголчуудын зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байх нь дээр гэдэг томьёолол бол шулуухан хэлэхэд социализмын өнгө, үнэрийг сануулаад байдаг юм. Аливаа асуудлыг танил тал, арын хаалгаар шийддэг байсан нь социалист монголчуудын гэм биш зан байлаа. Өнгөн талаас нь харахад зуун найз гээч нь нөхөрлөлийн тухай өгүүлээд байх шиг байгаа юм. Ургуулаад сайн бодохоор танил талаараа дамжуулаад мөнгөтэй, нэр төртэй амьдрах арга замыг тодорхойлоод байх шиг байгаа юм. Ингэхлээр мөнгө гээч нь ямар ч нийгэмд, ямар ч улс оронд хувь хүн, нийгмийн зэрэг зиндаа, нэр төрийг тодорхойлогч гэдэг нь тодорхой байгаа юм. Ингэхэд мөнгө гээч нь хүмүүсийн хооронд арилжааны хэрэгсэл болгон ашгилдаг цаасан болон металл тэмдэгтүүд үү. Эсвэл хүний бүхий л хэрэгцээг бүрдүүлдэг эд хөрөнгө нь мөнгөнд хамрагдах уу. Шууд утгаар нь авч үзэхэд банкны мөнгөн тэмдэгтүүд нь мөнгө гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ мөнгөөр үнэлэгдэж болох бүхий л зүйлүүдийг мөнгө гэж үзэхэд буруудахгүй билээ. Өнөөдөр дэлхий дахинд өдрөөс өдөрт хэдэн тэрбум, хэдэн саяар тоологдох мөнгөтэй хөрөнгөтнүүд төрөн гарч байна. Тэдгээр хөрөнгөтнүүд нь тэр их мөнгөө биет хэлбэрээр буюу бакны мөнгөн тэмдэгт хэлбэрээр байлгаж байдаг гэвэл ёстой эндүүрэл болно. Тэдний мөнгө үндсэндээ ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй, бизнесийн салбарт байршчихаад үр ашгаа цаг тутамд өгч, өсч үржиж байдаг билээ. Нэг ёсондоо өөрийн хуримтлуулсан хөрөнгөө өсч үржүүлэх нь бизнесменүүдийн үндсэн ажил байдаг. Дэлхийг аалзны тор мэт ороосон мөнгөний урсгал нь алт, нефть, зэс, түүхий эд зэрэг нийгмийн баялагийг бүрдүүлэгч зонхилогч бүтээгдэхүүнүүдийн үнэ ханштай уялдан хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор банкинд хадгалаатай байгаа, хэтэвчинд хавчуулагдаастай байгаа мөнгөний ханш унах, үр ашиг нь буурах хандлага байнга гардаг билээ. Тэгэхлээр мөнгийг ашигтай хэлбэр буюу үйлдвэрлэл рүү чиглүүлэх нь энгийнээр хэлэхэд ухаантай хүний л үйл ажиллагаа юм. Нэг үеэ бодвол монголчууд мөнгөтэй болжээ. Өнгөрсөн нийгэмд мөнгийг улсын санд төвлөрүүлж ард иргэдийг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулан хөрөнгөжих, мөнгөжихийг хориглож байсан нь түүхэнд гарсан ихээхэн хор уршигтай гажуудал болсон юм. 1990–ээд оны эхин үед нэг сая төгрөгтэй хүнийг Монголд баян хүнд тооцож байсан. Гэтэл тэрхүү сая төгрөг нь дэлхийн зах зээл дээр гайгүй шиг гутлын үнэ байсан билээ. Одоо харин манай улсад долларын саятантай буюу дэлхийн зах зээл дээр мөнгөтэй хүн гэж хэлүүлж болох хүн хэдэн мянгаараа тоологдох болж. Эхнээсээ зарим нь долларын тэрбумтан болох хандлага ч гарч байна. 2008 оны байдлаар дэлхийн тэрбумтаны мөнгөний хэмжээ тавин тэрбум долларын хэмжээнд яригдах боллоо. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Монгол улсын арваад жилийн төсвийн хөрөнгөтэй тэнцэхүйц мөнгө. Гэхдээ энэ нь тэрхүү тэрбумтануудыг Монгол улсаас баян гэж хэлж байгаа хэрэг биш билээ. Монгол бол маш баян орон. Ашигт малтмалын болоод хөдөө аж ахуйн түүхий эдийг нь мөнгөн дүнд шилжүүлээд тооцвол нэг хүнд тооцогдох мөнгөн дүнгээрээ дэлхийн улс орнуудын төвшинд нэлээн дээгүүрт л бичигдэх байх. Харин монголчууд энэ их хөрөнгөө үр дүнтэй ашиглах, өсгөн үржүүлэх, хадгалан хамгаалах тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад л хамаг учир байгаа юм. Одоо тэгэхлээр Монголд ямар хүмүүс мөнгөтэй байна вэ, тэртусмаа ямар салбарт мөнгө оршоод байна вэ. Энэ тал дээр нарийвчилсан судалгаа алга. Хэвлэл мэдээллийн болон судалгааны төвүүдийн нийтэд мэдээлж байгаа статистик үзүүлэлтээр уул уурхай, ашигт малтмал, мал аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарт манай улсын үндсэн хөрөнгө байдаг нь тодорхой байгаа. Тэр тусмаа нийтэд хүртээмжтэй байдлаас авч үзвэл мал аж ахуйн салбар эрхлэгчдэд ихээхэн хэмжээний хөрөнгө байгаа нь анзаарагдаж байна. Өнгөрсөн 12 дугаар сарын мал тооллогоор Монгол улс 40-өөд сая малтай болох нь тогтоогдсон. Энэ их малын зах зээлийн шууд үнэлгээ болоод түүхий эдийнх нь үнэлгээг нэгтгэн тооцож үзвэл чамгүй их мөнгөн дүн гарах нь тодорхой. Хэдийгээр уул уурхай, ашигт малтмал, үйлдвэр үйлчилгээний салбар эрхлэгчид нь мал аж ахуй эрхлэгчдээс хавьгүй их хөрөнгө мөнгөтэй байдаг ч хүнд хүртэх хүртээмж, нийгэмд баялаг бүрдүүлэгч талаас нь авч үзвэл өөр ойлголтыг өгөх билээ. Мөнгийг үзэн ядах сэтгэлгээ бол өнгөрсөн нийгмийн алдаа завхарал. Хүн гээч амьтан сайн сайхан амьдрахын тулд мөнгө гээч нийгмийн харилцааны хэрэгслийг зөв талаас нь ойлгох нь л зүйн хэрэг. Тэгэхдээ мөнгийг зөвхөн л банкны мөнгөн тэмдэгтийн дүр төрхөөр ойлгох нь учир дутагдалтай юм. Карл Маркс “Капитал” хэмээх алдарт бүтээлдээ “Биет болон оюун санааны бүхий л үнэт зүйлийг таваар гэж ойлгох хэрэгтэй. Таваар нь эцсийн дүндээ үнэлгээгээр л хэмжигдэнэ” хэмээн заасан байдаг. Тэгэхлээр үнэлгээ гээч зүйл маань эцсийн дүндээ мөнгө л билээ. Бидний өмсөж зүүсэн, идэж уусан, бүтээж бий болгосон бүхэн мөнгө л юм. Унаж яваа морио бид мөнгө гэж боддоггүй. Өвөртөө байгаа бакны тэмдэгтийг л мөнгө гэж үздэг. Ууж байгаа сүүгээ бид мөнгө гэж үздэггүй. Авч байгаа цалингаа л мөнгө гэж үздэг. Энэ бол том алдаа. Мөнгө гээч зүйл маань эцсийн цэг дээрээ очихоор элдэв янзын дүр төрхтэй хөрөнгө л юм шүү дээ. Тийм болохоор бид буй бүхнээ мөнгөний үнэ цэнээр хэмжин ойлгох нь нийгмийн ч, хүний ч ёсзүйг гажуудуулсан зүйл болохгүй билээ. Харин ганцхан зүйл л мөнгөөр хэмжигдэхгүй, мөнгөнөөс ямагт дээгүүр зиндаанд тавигдаж байдаг юм. Тэр бол хүний сэтгэл л юм даа. Ц.Буянзаяа
Нийтэд түгээх
Найздаа мэдэгдэх
Сэтгэгдэл (1)
![]() |
| ||||||
| |||||||