УТАА ХИЙГЭЭД МӨХӨЛ ДАГУУЛСАН НҮҮДЭЛБичсэн admin 2011 оны 10-р сарын 30, Ням гариг, 18:12
Улаанбаатарын утаа жилээс жилд нэмэгдэж өдрөөс өдөрт амьсгалахын аргагүй болгож байна. Хотын удирдлагууд утаа багасгах талаар ажил хийж буй нэрийдлээр 10 оронтой тоо давсан мөнгийг хэдэн зуугаар нь цацаж байна. Шахмал түлш, дулаан бүрээс иргэдэд олгох нэрийдлээр гарын салаагаараа мөнгө гээч юмыг савируулан урсгаж байна. Хэрэг дээрээ халаас руугаа чихэж байна. Өнгөрсөн жил ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын утааг харах гэсэн чинь ус, цаг уурынхан буруу мэдээлэл өгөөд харуулсангүй гэсэн инээдтэй мэдээллийг телевизээр цацаж байлаа. Өдөр бүхэн л хоолоо хорсгон хотын хойд хэсгийг нөмрөн харанхуйлж буй тэр их бохир утааг харахын тулд өдөр судар сонгоод л, ус, цаг уурынханг чичилж байх шаардлага байдаг л юм байх. Нэртэйд нь ламаас ч юм уу, бөөгөөс ч асуучихгүй дээ. Нөгөөдүүл нь нэг юм хэлэх байлгүй. Манайх бодит байдалд итгэхээ аль хэдийн болиод ид шидтэн хэмээгдэгч хүмүүст л итгэдэг болоод удаж байна шүү дээ. Сүүлийн үед нийслэлийн удирдлагууд Улаанбаатарын утааг багасгахын тулд гэр хорооллыг орон сууцжуулахаас өөр арга зам байхгүй болсон гэдэг лүндэнг айлддаг болоод байгаа. Одоо тэгээд нэг их барилгажилт өрнөх юм байх аа. Бас л нэг их мөнгө. Тэр их мөнгийг өөд уруугүй асгасны үр дүн нь шал дэмий зүйл болж хэдхэн хүний хэтэвчийг түнтийлгэх байлгүй дээ. Утаагүй зуух үйлдвэрлээд нөгөөх нь халахгүй, дээр нь дэлбэрч сүйд хийх гээд байгаа тухай хэвлэлүүд одоо шуугицгааж байна. Ингэхэд Улаанбаатар хотод энэ их утаа яагаад бий болчихов, хаанаас бий болчихов? Энэ асуултын хариу тун энгийн. Улаанбаатарын утааг үйлдвэрлэгч гол хүчин нь хөдөөнөөс гэрээ ачаалаад нүүгээд ирсэн ажилтай, ажилгүй иргэд. Нэг хэсэг нь малаа бараад суурин газар тогтвортой цалин хайж ирсэн байх, нөгөө хэсэг нь баар цэнгээн, балгууш зэргийг чухалчилан хот газрын хормой хотны салхинд дурлан ирсэн байх. Үүний баталгаа нь Мотелд орогногчдын тоо жилээд жилд нэмэгдэж байгаа, Мотел эрхлэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаагаас шууд харагдаж байна. Энэ хоёр шалтгаанаар нийслэл рүү урсах нүүдэл жилээр биш цагаар нэмэгдэж байна гэхэд ер буруудахгүй. Нэг ёсондоо нүүж ирсэн иргэд маань нэгэнт л хотод байрин суурин амьдарч байгаа хойно хөлдөж үхэхгүйн эрхэнд түүхий нүүрс байтугай түлж шатааж болох хог хаягдал, хаймар, яс, хуванцар сав суулга шатаан утаа үүсгэж байна. Тэдний үүсгэсэн утаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очитлоо хор уршиг тарьж байна. Энэ бүхнийг манай дарга нар мэдэж байгаа хэрнээ мэдэхгүй царай гаргаж байна. Дээр нь Улаанбаатарыг нөмрөх тэрхүү утаа үүсгэгчдийн нүүдлийг дэмжих бодлогыг бодитойгоор хэрэгжүүлж байна. 2011 оны намрын чуулганаар гэхэд л эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлыг Эрдэс баялагийн сайд Д.Зоригт УИХ-д оруулсан. Эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлын хамгийн эмгэнэлтэй, сонирхолтой нь гэр хорооллын цахилгааны үнийг аль болохоор багасгах, болж өгвөл үнэ төлбөргүй болгох зорилгыг агуулсан байсан. Хэрэг дээрээ Улаанбаатарын цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй эрчим хүчний дийлэнхийг гэр хороолол үгүй хийж байх магадлалтай юм. Учир нь сүүлийн үед гэр хороолын нэг жижгэвтэр хашаанд дөрөв, таван айл чихэлдэж буугаад аж төрдөг болсон. Тэдгээрээс сайндаа л нэг юм уу хоёр нь цахилгааны тоолууртай байдаг байх үлдсэн хэд нь шулуухан хэлэхэд ямар ч тоолуургүй хулгайгаар цахилгаан хэрэглэж байгаа. Тэднийг хулгайн цахилгаан хэрэглэх боломж бололцоог нь дүүрэг, хороодын цахилгаанчид хөхүүлэн дэмжиж байгаа. Сайндаа л нэг хоёр шил архины мөнгөөр шинээр суурьшигчдыг цахилгаанд холбоод өгчихдөг нь гэм биш зан. Нэг хашаанаас энэ мэтээр гурав дөрвөн айл хулгайн цахилгаан хэрэглэж байгаа гэж үзэхүл Улаанбаатарыг нөмөрсөн гэр хорооллын хэдэн зуун хашаанаас хулгайн эрчим хүч хэрэглэгчдийн тоо их л өндөр хувьтай гарах байх. Гэтэл үүнийг нь салбар хариуцсан сайд гуай нь дэмжээд байдаг. Товчхондоо гэр хороолын цахилгаан хэрэглэгчдийн тоолуурын заалт худлаа гэхэд дэндүү худлаа шүү. Хэрвээ тэр бүхнийг үл тооцон гэр хороололд амьдрагчдын эрчим хүчний үнийг багасгаж орон сууцанд амьдрагчдын цахилгааны тарифийг нэмэх гэж байгаа бол хэт харалган нүдээ олоогүй бодлого л болох байх. Мөн түүнчлэн эх захгүй нүүдэллэн ирж гэр барин яндан цухуйлган утаа үйлдвэрлэгчдийн урсгалыг таслан зогсоох, хөдөө орон нутагт иргэдээ тогтвортойгоор амьдрах боломж бололцоог нь бий олгох тал дээр тодорхой ажил зохион байгуулаагүй байж орон сууцжуулах хөтөлбөр гээчийг хэрэгжүүлээд Улаанбаатар утаанаасаа салахгүй ээ. Нэвсийтэл нүүдэллэн ирж буй яндантангууд ар араасаа эх захгүй нүүн ирж утаагаа үйлдвэрлэсээр л байх болно. Хөдөө нутаг эзэнгүйрнэ. Улаанбаатарын ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, дээрэм хулгай нь дийлдэхээ болино. Дэд бүтэц нь ачааллаа даахгүй болно. Эцэст нь Улаанбаатар утаа үйлдвэрлэгчдийн нүүдэлд туйлдан мөхөхөөс өөр аргагүйд хүрнэ. Улаанбаатар мөхөхөөр Монгол Улс оршин тогтнохуйн үндсээ алдана. Тийм болохоор Улаанбаатарыг утаанаас салгах, улс орноо доройтлоос аврахын тулд юун түрүүнд хөдөөгөөс хот руу чиглэсэн эх захгүй нүүдлийг багасгах талаар тодорхой арга зам боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Б.Тугин
Нийтэд түгээх
Найздаа мэдэгдэх
Сэтгэгдэл (0)
![]() |
| ||||||
| |||||||