An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ФРИЙДЛАНД ХААНЫ МАНАН НАМ МАНДТУГАЙ

ХэвлэхИ-мэйл

УИХ-ын 20 гишүүн дэлхийн эдийн засгийг хямруулах шахсан гэв үү? Буруу дуулаагүй бол бараг ийм утгатай үгийг төрийн өндөрлөгүүд хэлээд байгаа гэнэ. Оюутолгойг ашиглах тухай гаргасан УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг нэр бүхий УИХ-ын гишүүд Засгийн газарт хүргүүлснээс болоод Монголын дарга ангийнханы тухалдаг зэвхий өнгөтэй ордон хийгээд дэлхийн хөрөнгийн биржүүд донсолж байгаа юм байх. Ялангуяа Оюутолгойн хувьцаа арилжаалагдаж буй биржүүд дампуурлын ирмэг дээр тулаад Оюутолгойн хувьцааны ханш шалан дээр уначихсан юм байх аа. Нэг ёсондоо Монгол Улс Оюутолгойн ашгийн 50 хувийг хүртэх юм бол дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлээд сүйд болох юм байх. Харин Фрийдланд гэдэг баян хүн Оюутолгойн ашгийг 66 хувь цаашилбал 100 хувь хүртвэл манай цэнхэр гариг болсон эх дэлхий маань эдийн засгийн хямралд өртөхгүй аз жаргалын диваажин болох юм байх. Тэгэхдээ Монголоос бусад орны иргэд баяжиж дуусах юм байх. Монгол улс 50 хувийг нь хүртчихвэл хэдхэн цөөхөн халтар монголчуудын амьдрал ахуй дээшлээд дэлхий сөнөх дээрээ тулах юм байх.

Бодит байдлыг хэтрүүлэлгүй хэлэхэд манай дарга нар ийм л утгатай юмыг сүүлийн үед яриад байгаа. Өнөөх дэлхийн эдийн засгийн хямруулах нүглийг үйдэх гээд байгаа УИХ-ын гишүүд нь зайлуул хөөрхийс эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн баялагийнхаа ашгаас монголчууд бид ахиухан хүртэх ёстой юм гэсэн шаардлагыг хүргүүлсэн юм байна лээ. Тэр шаардлагыг биелүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар бүрэн дүүрэн биелүүлнэ гээд араа шүдээ УИХ-д өгчихсөн юм билээ. Оюутолгойд хийсэн хөрөнгө оруулалт нөхөгдөхөөр Монгол Улсын эзэмших хувь 50 хувь болно гээд Д.Зоригт, Л. Гансүх, С.Баярцогт гэх зэрэг Фрийдландын талыг барьдаг сайдууд нь үүрэг амлалтаа УИХ-д өгчихсөн юм билээ. Тэгээд л нэр бүхий 20 гишүүн МонголУлс одоо 50 хувийг эзэмших хэрэгтэй гэсэн шаардлагыг л тавиад байгаа юм билээ. Гэтэл нөгөө гурван сайд нь 30 жилийн дараа л Монгол Улс 50 хувийг эзэмших ёстой гээд Фрийдланд хааныхаа төлөө үхэн хатан тэмцэж гүрийгээд байгаа юм байх аа. Ингэхлээр Д.Зоригт, Л.Гансүх, С.Баярцогт гэсэн Фрийдландын шадар гурван сайд УИХ-ынханы чихэн дээр сарнай ургуулж байгаад ямар ч байсан хааныхаа даалгасан үүргийг нэр төртэй биелүүлчихээд байгаа аж. Дээр нь тэгээд Фрийдланд хааны дагуул хангууд болсон манай төрийн эрхэм дээдсүүд шадар гурван сайдын үйлдэл бүхнийг дэмжээд үг хэл, яриагаараа өнөөх муу 20 гишүүнийг баалж өгч байгаа юм байх. Нөгөө 20 нь арга ядаад бид нар УИХ-ын гишүүн гэдэг нэр зүүгээд цалин авч байгаа болохоор авдаг цалингийнхаа хариуд энэ улсын, энэ ард түмний төлөө л ажлаа хийж байгаа юм гэж доройхон дуугарч, доогуур харан загнуулж байгаа гэнэ. Уул нь тэр муу 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтыг зогсоож хаяад л, нум сум агсан очиж хятад ажилчид руу нь харваагүй нь ч харваагүй юм билээ дээ. Нум сумаар байтугай хоёр хуруундаа резин уячихаад цаас хуйлан харваагүй юм билээ. Тэгсэн хэрнээ л дүрсгүйтсэн хүүхдүүдээс л долоон дор байдалд орон бараг л хүн төрөлхтний эсрэг терор хийсэн ялд уначихгээд байгаа юм биш үү? Тэгээд л арга ядахдаа ард түмэнтэйгээ нийлж байгаад та нартай тэмцэнэ гэж хэлсэн юм байх. Нөгөө ард түмэн нь хаана байгаа юм зайлуул нэг хэсэг нь лав Солонгос руу боолын хөдөлмөр эрхэлж амь зууна гээд дунд голын дэргэдэх цэнгэлдэх хүрээлэнд хэдэн зуун мянгаараа оочерлоод л зогсож байсан гэсэн. Тэд нар лав Солонгос руу явсан байх. Бас нэг хэсэг нь паперешик түлж жаал зуул дулаацаж аваад ерөөсөө өөрсдийн эрх чөлөөт улсаа байгуулья гээд газар доогуур л хулгана, зурам шиг шургаад орчихсон гэсэн. Тэд нар одоо овоо олон хүнтэй улс болчихсон байгаа байх. Нөгөө хэсэг нь болохоор голдуу хүүхнүүд дээд сургууль төгсөөд ч ажил олдохгүй байна гээд улаан, цэнхэр дипломоо урж хаячихаад өмнөд улс руу нэн эртний мэргэжил гэж нэрлэгддэг биеийн хөдөлмөр эрхлэхээр Замын-Үүдийн гаалиар гарч яваа сурагтай байсан. Бодвол одоо тэгээд өмнөд хөршид очин биеийн хөдөлмөр эрхлэн шар наран, бор хоногийг элээж яваа байлгүй. Хөдөө байдаг бас нэг хэд нь зуданд малаа үхүүлчихээд амь зуухын тулд нөгөө нэг газар доогуур орсон хүмүүсийн хойноос эрэл сурал болчихсон гүйж явна гэсэн. Одоо учраа олоод тэдэнтэй нэгдчихсэн байх аа. Тэгэхлээр одоо ард түмэн гэж яригдах, нэрлэгдэх хүмүүс бараг л байхгүй болчихсон болов уу даа. Үлдэж байгаа иргэдийн дийлэнх нь МАН, АН гэдэг тодруулбал МАНАН гэдэг улс доторхи улсын харьяат болоод сураг алдарсан гэсэн. МАНАН улсын харьяатууд бол харин ч боломжийн гэсэн Фрийдландаас зээлээр авсан хэдэн зуун мянган доллараа хэр чинээгээрээ хувааж авч идээд л болоод байгаа юм байх. Томууд нь том идээд л, жижгүүд нь жижиг идээд л болоод байдаг юм шиг байгаа юм. Эрх мэдэлтэй нэг нь тендер нэртэй тэрбум тэрбум төгрөгийг ах дүүстэйгээ нийлэн халааслаад л жижгүүд нь ноолийн цаас, бичгийн цаас, шалны алчуураа тав гурван төгрөгөөр зарж голоо зогоогоод л болоод байгаа гэсэн. МАНАН улс бол Фрийдланд хааны дагуул, колони улс гэсэн. Тэдний иргэдийг ард түмэн гэдгүй гэсэн. Төрийн албан хаагчид гэдэг юм гэнэ билээ. Одоо тийм болохоор УИХ-ын өнөөх муу 20 гишүүнд нийлэх ард түмэн бараг л олдохгүй болов уу? Тэгэхлээр Фрийдланд хааны санал санаачлага байгаа онож, шадар сайдуудынх нь мэргэн ухаанаар Оюу толгойн ашиг ойрын жилүүдэд бараг зуун хувь ноёных нь хэтэвчинд орох байлгүй. Тэгж ярьвал одоо энэ УИХ-ын нэрийг нь өөрчлөөд Фрийдландын болон Монгол их хурал болговол дээр байх аа. Фрийдландын гишүүд бусад 56 нь гээд бодохоор ингэхээс өөр замгүй л харагдаад байгаа юм. УИХ-д суудалтай намууд нэрээ сольж болоод байхад УИХ нэрээ сольж болно л доо. Тэртэй тэргүй Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах тухай яриа гарч байгаа шүү дээ. Сонгуулийн тогтолцоог ч гэсэн тэр бүхэнтэй уялдуулан өөрчилж болно. Фрийдландын гишүүд 56 нь байна. Монголын гишүүд 20 байна гээд л холимог хэлбэртэй болгочихгүй юу. Фрийдландын 56 гишүүнийг шууд томилно. Монголын 20 гишүүнийг сонгуулиар сонгоно гээд заачихгүй юу. Тэгээд цаашилбал Монгол Улсын нэрэнд ч өөрчлөлт оруулж болно. Фрийдланд болон Монголын нэгдсэн улс гэж нэрлэж болно. Түүнээс гадна бас нэг ажил байгаа. Тэр нь юу вэ гэлээр МАНАН гэдэг улс төрийн хүчин, улс доторхи улсыг бас хуулийн этгээд болгох . Нэгэнт МАНАН хэмээх улс хаанаараа овоглон албан ёсоор Фрийдланд болон Монголын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд орчих болохоор Фрийдландын Манан нам гэдэг улс төрийн хүчин болгох хэрэгтэй. Тэгээд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ хүртэл өөрчлөлт оруулж болно. Фрийдландыг хэмжээгүй эрхт хаан болгоод их хурлаараа насан туршид нь баталгаажуулах хэрэгтэй л дээ. Тэгвэл нөгөө 20 гишүүн хэмжээгүй эрхт хааны өмнөөс цор цор гэж дуугарах шардлагагүй болно. Харин нөгөө Монголын ерөнхийлөгчийг жижиг ханилаг болгоод хэмжээт эрхт ерөнхийлөгч гэж нэрлэхэд болж байгаа юм. Монголын ерөнхийлөгч Фрийдланд хаанд зөвхөн санал бодлоо хэлэх л эрхээр хязгаарлагдах хэрэгтэй юм. Тэгвэл бас нэг зөрчил тэмцэл гарахгүй амар. Монголын ерөнхийлөгчийн үгийг сонсох, авах эсэх нь зөвхөн Фрийдланд хааны таалал л байх ёстой. Үүнээс гадна ард түмэн гэдэг ойлголтыг цэгцлэх хэрэгтэй. Фрийдландад ард түмэн гэж байж болохгүй. Фрийдландад харьяалагддаг хүмүүсийг Фрийдландын төрийн албан хаагчид гэж нэрлэх хэрэгтэй юм. Фрийдландын төрийн албан хаагчийн эхнэр, нөхөр, хүүхэд... гэх зэргээр тодорхой бичих ёстой. Монголын иргэдийг ч гэсэн ард түмэн гэж нэрлэх шаардлагагүй зүгээр л оршин суугчид гэж нэрлэж занших нь зүйд нийцэх юм. Учир нь Фрийдланд хааны эсрэг босдог ард түмэн гэж байж болохгүй. Тиймээс Монголын оршин суугчид оршин суухын тулд томоотой байх хэрэгтэй болж байгаа юм. Монголын оршин суугчид элдэв яриа гаргавал оршин суух эрхээ шууд хасуулдаг болох хэрэгтэй юм. Тэгвэл хаа хаанаа амар. Оршин суух эрхээ алдсан иргэдэд нэг бол нүхэн доогуур орж амьдрах эсвэл үхэх эрх л үлдэх боломж л байх хэрэгтэй. Тэр Солонгос энэ тэр лүү явах гэж очерлож зовох ч шаардлагагүй байх хэрэгтэй. Энэ бүхнийг ингээд шийдчихвэл хаа хаанаа амар болно. Хэзээ ч бүтэхгүй 50 хувийн төлөө 20 гишүүн тэмцэх ч шаардлага байхгүй, тэртэй тэргүй ухаад дуусах газар шорооны төлөө ард түмэн, ард түмэн гэж үглэх ч шаардлагагүй. Нэгэнт л бий болсон хувь заяатайгаа хүн болгон л эвлэрэх хэрэгтэй болж байгаа юм. Дээр нь тэгээд дэлхийн эдийн засаг сүйрчих гээд байгаа юм бол монголчууд Фрийдландаас нэмж 16 хувь авах гэж зовоод ч яах юм. Фрийдландын халаасанд орохоор дэлхийн эдийн засаг хөгжих юм бол тэр 34 хувиа ч фрийдландад өгчих хэрэгтэй. Хэдэн цөөхөн монголчууд хүн төрөлхтний төлөө өлбөрч үхнэ л биз. Нэгэн цагт эзэн Чингис хаан маань эрдэм чадлаараа хүн төрөлхтнийг аварсан гэдэг. Одоо үлдсэн хэдхэн монголчууд нь хувь заяагаараа дэнчин тавиад дэлхийн эдийн засгийг аврая цаашаа. Яахав тэгээд Фрийдландын төрийн албан хаагчид л хааныхаа дор бөхөлзөн сайан амьдарцгааг. Ядаж байхад яр гэгчээр их гүрний удирдагчид санаатай, санаагүйгээр манай төрийн тэргүүний нүүрийг таглаад байдаг юм билээ. Тийм ч юмгүй болоё. Фрийдланд гэдэг хэмжээгүй эрхт хааны, дэлхий дахинд хамгийн их баялаг эзэмшдэг баян хүний нүүрийг таглах байтугай таглах тухай зүрхлэн бодох хүн ч байхгүй болно биз. Энэ Оюутолгой угаасаа Фрийдландын өмч байсан гэж ном зохиолдоо ч шинээр тэмдэглэн үлдээе. Тэгвэл зарим нэгэн хүмүүс Фрийдландын өмчийг булаацалдан дэлхийн эдийн засгийг хямруулах аюулд оруулахгүй байлгүй. Юм ер нь тодорхой байсан нь дээр. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе гэдэг. Энэ бүхнийг эхлүүлж чадах, бодитой болгож чадах хүч Монгол Улсад байгаа. Тэр бол МАНАН. МАНАН –гийн эсрэг бодит хүч болон тэмцэх улс төрчид ч тэр, ард түмэн ч тэр одоо байхгүй болжээ. Тиймээс МАНАН зоригтойгоор урагшаа хөдлөн Фийдландын МАНАН нам мандтугай гээд сүрт жагсаал хийсэн ч болно. Тэглээ гээд тэднийг зогсоох хүч лав энэ нийгэмд, энэ цаг үед байхгүй болсон. Үүний тодорхой жишээ бол нэг талаас УИХ-ын 20 гишүүн, тэдний аргаа барсан үйлдэл, нөгөө талаас Фрийдландын эрх ашгийн төлөө дуугаа нэгтгэж буй эрх баригчдын үйлдэл, үг яриа болж байгаа юм.

Ц. Баяраа

Сэтгэгдэл (4)Add Comment
0
zochin
October 10, 2011
180.149.96.210
Үнэлгээ: +0
...

Фрийдланд болон Монголын нэгдсэн улс... ямар аймаар юм бэ. Удахгүй тийм нэртэй болох байхаа манай улс.

0
Tuvshuu
October 11, 2011
182.160.34.27
Үнэлгээ: +0
Үе үеийнхэнд ноогдсон үүрэг гэж бий

Монгол хүн бүрт эх оронч сэтгэл, эр зориг, өвөг дээдсийн дайчин уламжлал байгаад байх шиг байгаан, даан ч тэр нь хэзээ хэрэг болохыг мэддэггүй юм шиг байгаан. Монголчуудаа!!! Цаг нь болчоод байна. Эсвэл яг одоо тэмц, эсвэл хэзээ ч үгүй.

0
Zochin
October 12, 2011
202.70.39.253
Үнэлгээ: +0
Temtsetsgeey Mongolchuudaa

Eh oron gazar shoroogoo hamgaalj bosoh zorigtoi aawiin huwguud baihgui gej bodoo yu. Bosohoo hurwel hezee ch bosohod belen bn. Daanch irgenii daind hurgeh ayul baigaa ni iluu aimshigtai. Minii Mongol yg Afrikiin araas orj bn. Hurungu oruulagch tal ni zasgiin gazartai nu negdeed ard tumniig ni homrogolon ustgaj dardag ter l zurag yg ilhen haragdaj bn. Minii Mongolchuud sertsgeegtun, bostsgoogtun.....

0
guest
October 17, 2011
202.55.182.178
Үнэлгээ: +0
...

uchirgui temtseed yahab dee odoohondoo baylagaa mungu bolguulaad bolgoson munguuruu ded buttsee hugjuulj l baisan n deer shdee

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод