An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ИХ ЮАНЬ УЛСЫН СОЁЛЫН ГАЙХАМШИГ

ХэвлэхИ-мэйл

Монголын байлдан дагуулагчид 1279 онд эртний Сүн улсыг эзлэн Их цагаан хэрмийг давж, өмнөд Хятадыг хүртэлх Азийн асар уудам газар нутгийг мэдэлдээ захирах болов.

Бүр 1267 онд Хувилай хаан Сүн улсыг бүрэн эрхшээлдээ хараахан оруулаагүй байхдаа Монголын нийслэлийг Хархориноос нүүлгэж, Дайдууд (одоогийн Бээжин) авчирч 1271 онд улс гүрнээ Юань гэж өргөмжилснөөр монголын түүх соёлд нэгэн шинэ үе эхэлжээ.

Хувилай хаан төрийг барихад цэрэг зэвсэг бүхий хүчирхэг армиас гадна эрдэм боловсрол, соёл урлагийн байгууллага, мэргэд, чадвартай түшмэд, зөвлөх бэлтгэх сургууль шаардлагатай байгааг ойлгожээ. Харин үүнийг хэрхэн яаж шийдвэрлэхийг Сэцэн Хувилай хаан их л сонин янзаар бодсон бололтой. Олон үеийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын хувьд өвлөн авах сургуулийн тогтвортой бүтэц, соёлын төв гэхээр юм ховор хомс байсан.

Нэгэнт эзлэгдсэн эртний өндөр соёлт нанхиадын хэлбичиг, ёс заншил, соёл иргэншлийг шинээр тогтсон улс гүрэндээ авч хэрэглэвэл Монголын эзэнт төр хятадчилагдаж, аажмаар уусан устах аюул гарах вий гэж болгоомжилжээ.

Иймд хааны ордны дэргэд тусгай зөвлөл байгуулан тэнд газар бүрээс ирсэн төвд, уйгар, монгол, хорезм, миссир, перс, турк, европ, хятадын эрдэмтдийг ажиллуулан дэлхийн хаана ч байгаагүй тийм төрийн шинэ өндөр соёлыг бий болгохыг эрмэлзсэн юм.

 

Хувилай хааны шадар түшмэдийн нэг болох Пагва лам Лодойжалцан бол 1235 онд Төвдөд төрсөн бөгөөд 1247 онд 12 насандаа авга эцэг Сакья бандид Гунгаажалцангийн хамт их хааны өргөөнд иржээ. Сакья бандид Гунгаажалцан бол Энэтхэгт очиж буддын ёсны таван ухаанд бүрэн тайлагдсан өндөр боловсролтой хүн байсан бөгөөд зээ хүү Пагвааг Хувилай хааны ордны шадар болгон үлдээсэн ажээ.

Пагва тэнд боловсролоо үргэлжлүүлэн, ялангуяа шашны гүн ухаанд нэвтэрч хожим ихэд нэр гарах болжээ. Тэрээр өөрийн нөлөө, нэр хүндийг ашиглан 1264 онд Хувилай хаанд буддын шашны сахил хүртээж, өөрийгөө хааны багш лам “гурван газар дахь (монгол, хятад, төвд)номын хаан үлэмж балам” гэдэг өндөр цолоор өргөмжлөв. Энэ нь Пагва ламын үүсгэл санаачилгаар Юань улсад буддын шашин чөлөөтэй нэвтрэн орох үүд хаалга нээсэн байна.

“Мудагма” хэмээх Пагва ламын түүх намтрыг өгүүлсэн сударт Хувилай хааны урилгаар тавдаас лам нарыг олноор ирүүлж, тэдэнд тусгай эрх ямба эдлүүлэн, хурал ном эрхлэх бололцоогоор хангаж, цэргийн алба татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байсныг дурджээ. Пагва ламын хийсэн нэгэн шинэчлэлт гэвэл Хувилай хааны даалгавраар юань улсын шинэ үсэг “дөрвөлжин бичиг”-ийг зохиосон явдал байлаа. Энэ бичгийг хаан талархан хүлээн авч монгол – уйгаржин бичгийн оронд төрийн бичиг болгон албан хэргийг хөтлөх тухай зарлиг гаргажээ. Пагва лам хааны ордонд гуч гаруй жил байж, хааны үр сад болон төрийн түшмэдэд номын багшаар ажиллаж байгаад 1279 онд нутагтаа харьж төд удалгүй насан эцэс болжээ. Түүнийг Бээжингээс Лхас хүртэл Хувилай хааны хүү Чингэм тайж бараа болон дагалдан очсон гэдэг.

Юань улсын соёлын түүхэнд холбогдох нэгэн чухал үйл гэвэл 1264 онд улсын нийслэлд түүх судар бичгийн хороог байгуулсан явдал юм. Энэ хороонд бичиг номын мэргэд ажиллан перс, энэтхэг, төвд, хятад хэлнээс түүх, уран зохиол, гүн ухаан, шашны ном судруудыг орчуулан хэвлүүлэж байлаа. Тухайлбал, 1282 онд хятадын эртний түүхийг 400-900 он хүртэл уран зохиолын хэлбэрээр бичсэн Сы-Магуаны “Туньцзян” гэдэг олон дэвтэр номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Мөн хятадын эртний гүн ухаантан, кунзийн сурталч Сюйхений зохиолуудыг Хувилай хааны даалгавраар монгол хэлнээ орчуулж, түүнийг заавал уншиж судлахыг төрийн түшмэдэд үүрэг болгож байсан ажээ. Тэрчилэн хятадын түүхч Ся-Ту, Са-лиман нар Чингис, Өгөөдэй, Тулуй, Гүюг хааны намтар болон монголын Юань улсын он дарааллын бичгийг үйлдүүлж байлаа.

Гадаадын эрдэмтэд, бичиг хэргийн хүмүүсээс гадна монголын үндэсний сэхээтэн эрдэмтэд Юань улсын соёлд багагүй хувь нэмрээ оруулсан юм. Монголын нэрт түүхч Цэрэндаш жагар, төвд хэлнээс буддагийн түүх, намтар, Булу, төмөр хятад хэлнээс кунзийн суртал (кунз менцийн сургаал), Ачлалт ном буюу Сяо-зин, Цагаан хөдөлмөр зэрэг уйгарын яруу найргийн бүтээлүүдийг тус тус монгол хэлнээ орчуулж дөрвөлжин бичгээр хэвлүүлжээ.

Юань улсын нэрт эрдэмтэн, гарамгай орчуулагч, яруу найрагч Чрйжи-Одсэр монголын соёлд үнэлж баршгүй хувь нэмрээ хандивлажээ. Тэрээр монголжсон уйгар хүн байсан бөгөөд уйгаржин монгол бичгийн дүрмийг боловсронгуй болгосон хэлшинжлэлийн томоохон бүтээл “Зүрхэн тольт”-оо энэ үед туурвижээ.

Чойжи-Одсэр Пагва ламын зохиосон дөрвөлжин бичгийг шүүмжилж өөрийн орчуулга болон зохиол бүтээлээ уйгаржин –монгол бичгээр бичиж байлаа. Түүний зохиосон “Зүрхэн тольт” нь хэдийгээр бүрэн эхээрээ манай үед хараахан дамжиж ирээгүй боловч тайлбараас нь үзвэл монгол хэл бичигт сургах шинэ дэвшилт аргыг санаачилсан сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой бүтээл байсан нь илэрхий. Мөн Чойжи-Одсэр энэтхэгийн Шантидивагийн зохиосон “Бодичира-абадара”-г (Бодисад нарын явдалд орох)монгол хэлнээ тун яруу сайхан орчуулан тусгай тайлбар хадаж, 1312 онд Юань улсын нийслэл Бээжинд 1000 хувь модон бараар хэвлүүлсэн нь манай соёл түүхийн гайхамшигт дурсгал болж байна.

Ийнхүү монголын Юань улсын үед монгол, перс, энэтхэг, хятад, төвдийн соёл зэрэгцэн хөгжиж, олон эшт үзэл зонхилж байсан нь төв Азийн иргэншлийн түүхэнд тохиолдсон сонирхолтой үе гэж үзвэл зохино.

Эрдэмтэд энэ үеийг Македоны Александрын байлдан дагуулалтын дараа гарсан эллинизмийн соёлтой зүйрлэн монгол маягийн хувилбар гэж үздэг тал ч бий.Юань улсын төрийн бодлогын нэгэн онцлог нь гэвэл тус улсын дотор нэвтэрч байсан гадны алив соёл, иргэншилд нээлттэй бодлого явуулснаар үл барам христос, лал, буддын шашин, кунзийн суртлыг чөлөөтэй хөгжих боломжийг олгосонд оршино.

Тэр ч байтугай 1289 онд Хувилай хааны зарлигаар лалын шашны сургуулийг байгуулж, тэнд араб, дорно дахины соёл, тоо, зурхай, одон орны судлал, анагаах ухаан, яруу найраг хөгжиж байлаа. Хорезмоос ирж энэ сургуульд багшилж байсан одон орны судлалын нэрт эрдэмтэн 4Желал-дин гэдэг хүн арван сянган жилээр тооцоолон зохиосон цаг тооллын хуанли хийж Хувилай хаанд бэлэглэсэн нь одоо Бээжингийн номын санд ховор хомс үнэт нандин бүтээлийн тоонд тооцогддог байна.

1271 онд анх монгол сургалт бүхий Юань улсын их сургуулийг нээн дээд боловсрол бүхий төрийн албан хаагчдыг бэлтгэдэг болсон бөгөөд суралцагсдад улсаас цалин пүнлүү, тэтгэвэр тэтгэмж олгож байв. Уул сургуульд монгол, уйгар, хятад, төвд хүмүүсээс гадна Монголын их гүрний өнцөг булан бүрээс төрөл бүрийн үндэсний төлөөлөгч суралцаж байсан ажээ.

Хувилай хаан төрийг төвшитгөхөд нийтийн соёл боловсролын үүргийг үлэмж үнэлж, жирийн иргэд, цэргийн албан хаагчдыг заавал бичиг үсгийн боловсролтой болгох зарлиг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд 1269 онд дөрвөлжин бичигт сургах монгол сургуулийг бүх замд байгуулж байлаа. (Зам гэдэг нь тэр үеийн засаг захиргааны нэгж бөгөөд бүх улс орныг 10 замд хуваасан байдаг.)

Юань улсын соёлын оргил нь гэвэл 1275 онд эрдмийн их хүрээлэн буюу Монголын анхны Шинжлэх Ухааны Академийг байгуулсан явдал юм. Эрдмийн их хүрээлэнд газар газрын нэрт эрдэмтэд ажиллаж, дорнын гүн ухаан, өрнийн эрэл хайгуулын сэтгэлгээнээс гадна миссир, арабаар дамжуулан эртний грек, ромын гүн ухаан, урлагийг судалдаг байжээ.

Грекийн нэрт гүн ухаантан Аристотель, Пдатон, Сократ, Демокрит, Ромын хууль, урлах ухааны эрдмийг сайн мэддэг энэ бүхэн дээр тулгуурлан Юань улсын өөрийн шинэ соёлыг байгуулах гэсэн Хувилай хааны шинэчлэлтийн бодлого дэлхийн нэгэн хэсэгт оюуны дөлийг ийнхүү бадраасан түүхтэй билээ.

С.Баясгалан

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод