An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

БАЛИГИЙН ХҮРЭЭ

ХэвлэхИ-мэйл

Хошуу чухам хэдийд гарч ирснийг эрдэмтэд үзэхдээ эртний мянганы оронд гарч ирсэн гэдэг. Цагаадайн улсад мянган хүнээс бүрэлдсэн цэргийн ангийн хошуу хэмээн нэрлэж байж. Зарим шинжээчид Монголын хошууг Манжийн тугийн шууд хуулбар хэмээн үздэг. Гэтэл хошуу нь чухамдаа Монголд аль хэдийнэ байсаар ирсэн зүйл юм. 1691 онд болсон Долнуурын чуулганаас Халх Монголын 8 хошууг 34 орчим жижиг хошуу болгон Халхын Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгуудад хуваан захируулжээ. Сүүлд 1925 онд Ойрадтай байлдахад “гавъяа” байгуулсан хэмээн Сайн ноён Чин ван Дашдондовт Түшээт хан аймгаас 19 хошуу таслан өгч нэгэн шинэ аймгийг байгуулж, Сайн ноён хан аймаг хэмээжээ. Ийнхүү 4 аймаг буй болсон байна. Сайн ноён хан аймгийн есдүгээр үеийн залгамжлагч Дэчинжав нь Манжийн хаан тэнгэрийг тэтгэснээс /1759 онд/ гуйсан ёсоор түүний хүү Цэвээндоржийг засаг болгон нэгэн хошуу зохиож өгчээ. Энэ нь Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошуу буюу өдгөө Булган аймгийн Баян-Агт сумын суурь болном. Эрх гүний хошуунаа үе залгамжилсан ноёдын угийн бичгээс дэлгэвэл: “Халхын Цэцэрлэгийн чуулганы гүнгийн зэрэг засаг тэргүүн Эрх тайж Ойдовдоржийн хошууны бүх олон тайж нарын гэрийн үеийн бичмэлийг нийлүүлэн өргөх данс:

Нэгдүгээр үе. Батмөнх даян хан

Хоёрдугаар үе. Жалайр хунтайж

Гуравдугаар үе. Онухай үйзэн ноён

Дөрөвдүгээр үе. Түмэн сайн ноён

Тавдугаар үе. 2-р хөвүүн Номун эзэн

Зургадугаар үе. Дашжав

Долдугаар үе. Шамба засаг /хошой чин ван агсан/

Наймдугаар үе. Дашдондов засаг /хошой чин ван агсан/

Есдүгээр үе. Дэчинжав засаг /хошой чин ван агсан/

Аравдугаар үе. 2-р хөвүүн Цэвээндорж бэйсийн зэрэг агсан

Арваннэгдүгээр үе. Сандагдорж гүнгийн зэрэг засаг тэргүүн

Арванхоёрдугаар үе. Ванчигжав Эрх засаг тэргүүн зэрэг тайж агсан

Арвангуравдугаар үе. Ойдовдорж гүнгийн зэрэг засаг тэргүүн

Арвандөрөвдүгээр үе. Дамдинжав гүнгийн зэрэг засаг тэргүүн Төр гэрэлтийн арван тавдугаар он...” хэмээн дурджээ. Эрх гүний хошуу ноёд нь их төлөв Балигийн голоор нутаглан сууж байсан байна. Эл утгаараа Балигийн хүрээг засаг ноёдын нутаглан суудаг газрыг түшиглэн байгуулсан бололтой. Ийнхүү байгуулснаар Балигийн хүрээ нь Эрх гүний хошууны нутгийн төв болсон байна.

Манжийн хаад бурхан шашныг Монгол болон Төв Азид дэлгэрүүлэх бодлого баримтлах болсон байна. Тэдний энэ бодлого нь бурханы шашныг ашиглан тухайн бүс нутагт өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, улмаар ноёрхолоо тогтоох зорилго агуулж байв. Манжийн хаад толгойлох үүрэг, нөлөө бүхий хутагт нарт тусгайлан хөрөнгө зардал гаргаж, сүм хийд байгуулж өгч байсан ба тэдгээрээс Халхын 1-р Живзундамба хутагтад зориулсан Дамбадаржаалан, Өвөрмонголын Жанжаа хутагтад зориулж барьсан Долнуурын хийдийг дурьдаж болно. Манжийн хаадын энэхүү шашны талаарх бодлого нь Эрх гүний хошууг мөн адил тойрч гараагүй байна. Энэ нь Балигийн хүрээ, Нарангийн хүрээгээр тод илрэлээ олжээ. Иймд эдүгээ дээрх хоёр хүрээнээс үлдэж хоцорсон зүйл тун ховор байна. Иймд Балигийн хүрээний талаар түүхийн баримт сэлтээс тодруулах боломж олдож байна. Ер нь тухайн цаг үед хүрээ хийд, сүм дугана, хурал номын газрыг нэгдүгээрт сүсэгтэн олны өглөг хандиваар, хоёрдугаарт хутагт хувилгаад, засаг ноёны хөрөнгө хүчээр, гуравдугаарт Манжийн эзэн хааны зарлигаар улсын сангийн мөнгө зардлаар барьдаг байв.

Балигийн хүрээ бол засаг ноёны хөрөнгө хүчээр боссон юм. Балигийн хүрээ болон Нарангийн хүрээг байгуулсан талаар архивын баримтанд: “Cайн ноён хан аймгийн гурван зэрэг нэмсэн, хоёр зэрэг тэмдэглэсэн Бэйсийн зэрэг Эрх засаг, улсад туслагч гүн Үржинжавын хошууны дээдийн түмэн өлзий бататгахаар Чин улсын Сайшаалт ерөөлтийн хорин нэгдүгээр /1816/ онд гуравдугаар удаа залгамжилсан гүнгийн зэрэг засаг тайж Ойдовдоржийн үед харъяат хошууны нутаг Баянзүрх хэмээх уулын өвөрт нэгэн хүрээ шинээр байгуулж, чойр ба эм зурхайн сургуулийг байгуулахаас гадна... Чин улсын Төр гэрэлтийн тэргүүн онд гүнгийн зэрэг засаг, тайж Ойдовдоржийн үед харъяат дөтгөөр зэрэг тайж Мөнхжаргал дээдийн түмэн өлзий бататгахаар өөрийн хүчээр мөн хошууны нутаг Цагаан-Агт хэмээх уулын өвөрт хүрээ тутам шинэ сүм байгуулсан... Олноо өргөгдсөний есдүгээр он хоёрдугаар сар” хэмээн тэмдэглэжээ. Балигийн хүрээ байгуулагдсан оны хэлхээсийг энэхүү баримтаар тодруулж болохоор байна. Балигийн хүрээний төвд нэр нь “Дашравданчойнлин” буюу “Маш сайн номын хийд” гэж байв. Хэдий тийм боловч Балигийн голын эрэг дагуу орших учир Балигийн голын хүрээ, Балигийн хүрээ хэмээгдэх болжээ. Балигийн хүрээний гол сүм нь Гаанжуур нэртэй байсан бөгөөд энэ нь 8х9 метрийн харьцаатай байжээ. Балигийн хүрээ нь Яруугийн хүрээний /Засагт хан аймаг, одоогийн Завхан аймгийн Яруу сум/ төрх, хийц маягаар баригдсан, Төвдийн баруун зуу буюу Дашлхүнбээс Банчин Эрдэнийн төлөөний хүн Гачин лам суудаг хүрээ байв.

1800 онд байгуулагдсан хүрээ, хийд, сүм, дуган нь он цагийн уртад элэгдэж хуучрах нь зүй ёсны хэрэг юм. Ер нь хүрээ, хийд, сүм, дуганыг сэлбэсэн мэдээ сэлт ховор байх бөгөөд Балигийн хүрээг зассан талаар нэгэн баримт олдож буй нь: “Ноднин жил зургаан сард манай газраас харъяа хошууны гол Гаанжуур сүм элж хуучирсан учир уг сүмийн шинэтгэн засах модыг хэлэлцэхээр мөн хошууны Бороо, Гомбо нарыг гаргасан бөлгөө. Түүний мэдүүлэн ирсэн нь уул сүмд хэрэглэх мод цөм уг тоо хэмжээ ёсоор Чин Ван танай хошууны цагдаа Гомбо, цагдаа Шагдар нараас авахаар тогтсон. Гэтэл энэ завсар өвөл цагаас одоо хүртэл уул хошууны нутагт их зуд болж, удаа дараалан аюултай шуурга тохиолдон үхүүлэн алдсан, зүйл бүрээр сүйдэж бүхий энэ удаагийн болзоонд уг модыг тээж чадахгүйн дээр хүргэж өгөх мал ч хүрч хүрэлцэхгүй болж туйлдсан, цаг дийлж малаа тэнхрүүлж, хүргүүлэн өгөх ба өөр үгүй тул үүний учир гаргаж сайд дайчин жонон Чин Ван таны тамганы газар довтлон явуулсан. 1911 оны 3 сарын 10” хэмээн гол сүмд засвар хийх асуудлыг хөндсөн байна.

“Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас Монголын хутагт хувилгаад, сүм хийдийн харъяат шавь нарыг нэрээр нь нарийвчлан бүртгэж, цэс үйлдэн хөтөлж, шавийн ардыг нэмэгдүүлэхгүй, тодорхой хэмжээнд барьж байхыг зорьж байв”. Балигийн хүрээний лам нарын тоо бүртгэлээс үзэхэд, 1907 он буюу Бадаргуулт төрийн 33 оноо Балигийн хүрээ нь 13 жастай, нийт адуу 188, хонь 4677, үхэр 123, тэмээ 27, бүгд нийлээд 5015 хүрч байжээ. Мөн 1923 оны байдлаар Балигийн хүрээний жасын мал нь: “...тэмээ 9, адуу 660, үхэр 973, хонь 2605 болно” хэмээсэн байна. 1924 онд Нарангийн хүрээтэй нийлсэн жасын мал нь “адуу 900, тэмээ 1, үхэр 1538, хонь 4285, ямаа 53, эдгээр тэмээ нэгийг хоёр хонь, ямаа 7, нийт бутлагасны бог 619 байна. Нийлмэл бод 3059, бод үл хүрэх хонь 5, энэ жилийн шинэ төл унага 106, тугал 302, хурга 1565, ишиг 12 болмой” хэмээн нилээд дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна.

Жас нь нийт өмч хөрөнгө гэсэн утгатай түвд үг бөгөөд хүрээ, хийдийн хурал номын зардал болон лам нар, сүм хийдийн хэрэгцээг хангаж нийлүүлэх үндсэн үүрэгтэй юм. Хүрээ, хийдийн жасын эх суурь нь сүсэгтэн олны өргөл барьцын эд зүйл, адуу мал байв. Жасын малыг шавийн ба бусад ардууд үнэ хөлсгүй буюу эсвээс бага урамшуулалтайгаар хариулдаг байв. Сүм хийдийн малыг ардуудад өгөхийг “хадгалах” гэж нэрлэдэг байсан ба ардуудаас сүм хийдийн мал хүлээж авахыг “гуйн хадгалах” хэмээн нэрлэж байв.

Балигийн хүрээ нь байгууллагдсан цагаас эхлэн нутгийнхаа гол цөм болсоор ирснийг өмнө дурьдсан билээ. Уул хүрээнээ жил бүр цам харайдаг байсан тухай аман сурвалж бидэнд үлдэн хоцорсон байна. Цам харайх нь тухайн хүрээ болгонд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай байжээ. Балигийн хүрээний цамын өвөрмөц содон нь “Хүүхэн цам” болно. Нутгийн өндөр настан Д.Мэндбаяр абугай: “...Балигийн хүрээнээ их олон гэр хороололтой, тэнд л өслөө дөө. Жил бүр цам харайна. Их сүртэй сайхан болно. Буга, согоо, бурхад байна. Мөн хоёр цагаан хувцастай, эрээн таягтай жаахан хохь байнга дагаж явна. Хүн амьтанаас чихэр гуйна. Хүмүүсийг их хөгжөөдөг байв. Хүүхэн цам харайна. Ногоон, Цагаан дарь эх гээд л их чамин гоё хувцастай цам харайдаг байсан” хэмээн өгүүлжээ. Өөр нэгэн зүйл гэвэл өдгөө Балигийн хүрээний тууринаа хавтгай хэлбэртэй 1х1 метрийн хэмжээтэй цагаан чулуу буй. Тэрхүү чулуун дээр Балигийн хүрээний тэргүүн лам заларч хүрээний лам нар гадаа ном хурдаг байсан гэх аман сурвалж буй. Энэ талаар Д.Батчулуун абугайгаас тодруулваас: “...Балигийн хүрээ нь нилээд дацан сургуультай байсан. Одоо туурин дээр нь байгаа цагаан чулуун дээр ном хурдаг байсан...” хэмээжээ.

Балигийн хүрээний бүтэц байдлыг тухайн үед Балигийн хүрээнээ аж төрж байсан нутгийн буурлуудаас лавлаж тогтоовоос арваас арван хоёр айл бүхий долоогоос найман хороолол, хятад худалдааны пүүс, сүм, дугана, суврага бүхий суурин буй бөгөөд түүнийг даган гар урлал, худалдаа, найманы бэсрэг хотхон бий болж байв. 1926 оны Намнангийн хүрээний лам нарын бослогоор ихээхэн сүйдсэн аман сурвалж буй. 1932 онд гарсан Мөрөн, Рашаант, Тариатын хүрээний лам нарын хөдөлгөөн тэмцлийг Балигийн хүрээний лам нар тайван хүлээцтэй ажиглаж байсан хэдий ч 1937 оны хэлмэгдүүлэлтээр тус хүрээний цорж лам Ц.Намсрай, аграмба Б.Базарсад, Ю.Лосолжамц, Ж.Лувсан, гавж Данзан, М.Дарьсүрэн нарын 60 гаруй лам хуврагыг баривчилж хороожээ.

Хүрээ, хийдийг тараах, хийдийн эд хогшилыг өөр зүйлд ашиглах тухай Булган аймгийн намын хорооны дэргэдэх лам нарын комиссын 10-р хурлын тогтоолын дагуу Балигийн хүрээ болон Нарангийн хүрээний сүм, дуганыг тарааж сургууль, эмнэлэгийн газруудад сүм, хийдийн байшинг ашиглуулсан байна. Энэ тухай архивын баримтыг дурьдвал: “Булган аймгийн Баян-Агт суман дахь улсын худалдааны 2 дугаар салбараас харъяат аймаг дахь Дотоод яамны шашны төлөөлөгчид баримт гаргах нь, тус газрын Нарангийн хүрээний цогчин ба сахиусын дуган эдгээр хоёрыг төлөөлөгчийн зааврын ёсоор тус салбарт шилжүүлсэнийг хүлээн авсаныг уламжилж, нэг хувийн баримтыг гаргав. Мөн Булган аймгийн сүм хийдийн дэргэдэх Засгийн газрын төлөөлөгчид өдгөө танай газраас тус сумын сайн дурын бага сургууль орон сууцгүй учир үнэгүйгээр дуган хоёр, орд байшин хоёр, сайн дэвсгэр 14, стол 2, сандал, ширээ 6, эмжээртэй дэвсгэр 3-ыг тус тус шилжүүлэн өгснийг хүлээн авч 2 хувь зардал тогтоосон бөгөөд үүнээ гагцхүү засагт тустай орон сууцанд хэрэглэхийг баталж хадгалав. Баян-Агт суман дахь нам, эвлэлийн үүрээс Булган аймгийн сүм хийдийн дэргэдэх Засгийн газрын төлөөлөгчдөд эдүгээ танай газраас манай нам эвлэл үүрүүдэд орон сууцгүй учир үнэгүйгээр дуган нэг, орд байшин 2, стол 2, сандал 5, дэвсгэр 8, хаалгатай шүүгээ 1-ийг тус тус шилжүүлэн өгсөнийг тус хүлээн авч 2 хувийн акт тогтоон буй. Үүнийг гагцхүү ашиг тустай орон сууцанд хэрэглэхийг бодож хадгалав” хэмээжээ. Сүм хийдийг өөр зүйлд ашиглуулах болсон нь лам нарыг хар болгох үгүй бол элдэв татвар, хураамжаар шахан хавчиж, феодал, хувьсгалын эсэргүү нэрийн дор хэрэг үүсгэн ял тулгаж, үгүйрүүлж байсан бодлоготой холбогдолтой юм. Энэхүү бодлого нь Балигийн хүрээг мөн л тойроогүй байна. Тухайлбал, Булган аймгийн 19 дүгээр хурлаар Балигийн хүрээний 71 настай Д.Содов гавж лам, мөн гавж лам Ш.Гэндэн нарыг буудах ялаар шийтгэж байсныг дурьдаж болохоор байна. Балигийн хүрээний нийт лам нарын 70-80 хувь нь хар болсон бөгөөд үлдсэн хэдэн хувь нь хэлмэгдүүлэлтийн сүүдэрт дайрагджээ.

Судлаач На.Батболд

Сэтгэгдэл (2)Add Comment
0
ehlel
October 24, 2011
202.72.245.61
Үнэлгээ: +0
...

ene huniih chanartai uguulluud garch bn

0
tuuh
October 31, 2011
180.149.93.3
Үнэлгээ: +0
...

olon hiiduud suirsen ingej sudlah n ach holbogdol ihtei

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод