An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ХҮННҮ ЦЭРЭГ

ХэвлэхИ-мэйл

МЭӨ 209 онд Модунь шаньюй Хүннү улсыг байгуулсан гол хүчин зүйл бол дуут сумыг ашиглан өөрийн цэргийг нэгэн зүгт чиглүүлж чадсан явдал байв. Тийм боловч Хүннү улсын цэрэг нь тус тус овог аймгийн цэрэг бус нэгдсэн аравтын системтэй, Хүннү улсын нутаг дэвсгэрийг батлан хамгаалах бусад орныг байлдан эзлэх булаан дээрэмдэх үүрэгтэй байжээ. Хүннү улсын цэргийн тоо бүрэлдэхүүний талаар Хан улсын түүхч Изя И-гийн /МЭӨ200-168/ мэдээгээр 5 хүнд нэг цэрэг оногдож байсан хэмээжээ. Түүнээс улбаалан Ма-Чан Шоугийн тооцоолсноор Хүннү улсын нийт хүн ам 1 сая 500 мянга орчим болж байв. Монголын нэрт түүхч Г.Сүхбаатарын бүтээлд: МЭ 90-ээд оны үед өмнөд Хүн 3400 өрхтэй, 277300 хүнтэй, 50170 шилдэг цэрэгтэй гэж дурьджээ.

Хятадын түүхэн тэмдэглэл “Ши-Цзи”-д Модун Шаньюй татлагад хожигдсон цэргийн толгойг авна гэж дорно зүгт хөдлөн хөрш зэргэлдээ байсан Дунхуг гэнэт довтолсон тухай байна. Энэхүү мэдээнээс үзэхэд Хүн улсын цэрэг нь тайван цагт тархан аж ахуй эрхлэн ан гөрөө хийж, самуун цаг үед маш хурдан цугларч чаддаг байжээ. Тус түүхэн тэмдэглэлд: “хүүхэд дөнгөж хонь унаж чадах болмогцоо хулгана, зурам харвах ба нилээд өсч ирэхээрээ үнэг, туулай харван иднэ. Нум хэрэглэж чадах хүн болгон цэрэг болно” хэмээжээ. Энэхүү явдал нь Хүннү нарын зан заншил нь хүүхдийг багаас нь эхлэн ан гөрөө хийлгэж сургадаг бөгөөд тэр нь зөвхөн анчин болж амьдралдаа хэрэгцээтэй зүйлийг олох төдийгөөр зогсохгүй, нэг ёсны харвах намнах цэргийн сургууль болж өгдөг байв. Хүннү улсын цэрэг нь их цэрэг, цоохор цэрэг гэж хоёр төрөлд хуваагдан байснаас гадна сэргийлэн сахих цэрэг, хилийн харуулуудтай байжээ.

 

МЭӨ 200 онд Модун шаньюй Тан улсын Гоади хааныг Пенчен хотод /одоогийн Датун хот орчим/ бүслэхдээ 400 мянган шилдэг морин цэрэгтэй бүсэлсэн байна. Үүнд: өрнө зүгт цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өрндөд саарал морьтой цэргүүдээр бүслэлтийг зохион байгуулсан байна. судлаач З.Батсайхан бүтээлдээ: Хятад түшмэлийн тодорхойлон хэлснээр “Хүннү цэрэг эрс гавшгай зоригтой бөгөөд хуй салхи мэт гарч ирээд цахилгаан мэт зайлан оддог” гэж дурьдсан байна. Мөн номонд морин цэргийг “шар мөрнөөс урагш орших Байян, Лоуфань аймаг Чаньнаас долоон зууны газар ойролцоо оршдог. Хөнгөн зэвсэгтэй морьт цэрэг тэндээс Циньчжун хүртэл нэг өдөр шөнө явна” хэмээжээ. Энэ нь 24 цагийн дотор 350 орчим км зам туулсан хэрэг бөгөөд нэг цагт 14,5 орчим км зам явсан болж таарч байна. Үүнээс гадна Хүннүгийн морин цэргийн туулах чадварын талаар В.С.Таскин үүнийг өдөрт 200-250 верст /159-212 км/ явдаг монгол морьтой адилтган үзсэн бол Салим Бэкийн судалгаагаар өдөрт 100-120 миль /160-193 км/явдаг монгол морь байдаг тухай бичжээ. Түүнчлэн Р.А.Грехов нарын монгол адууны тухай судалгаанаас үзэхэд хөтөлгөө морьтойгоор 25 хоногт 1800 км зам туулж байсныг тогтоосон байна. Энэ нь өдөрт 70 гаруй км зам туулсан гэсэн үг бөгөөд өдөрт 8 цаг орчим явсан гэж бодвол цагт 9 км явсан тооцоо гарч буй нь уг судалгаа бодитой үнэмшилтэй болохыг гэрчилж байна. Тэгвэл Хүннү нар Шар мөрнөөс Циньчжун хүртэл нэг өдөр, шөнө хэд хэдэн хөтөлгөө морь сэлгэж очсон болж таарна. Хожимын нүүдэлчдийн түүхэнд холбогдох зарим нэг мэдээнд өгүүлснээр бол Хятан улсын байнгын нэг цэрэгт гурван агт ноогдож байсан нь дээрх таамагт холбогдоно. Сурвалжид өгүүлснээр Хүннүд, куайти, таньси, таоту зэрэг этгээд мал байжээ. Эдгээрээс куайти гэдгийг зарим судлаачид луус гэж үзснээс гадна, монгол хэлний “коти луус” гэж нягталжээ. Судлаачид нөгөө хоёр үгийг нь хулан тахь гэж тайлсан байх бөгөөд В.С.Таскин тэдгээрийг гэршүүлсэн зэрлэг адуу, хулан гэж үзсэн. Гэвч зэрлэг хулан, тахийг уналага эдэлгээнд оруулж сургах байтугай алдалгүй хашиж хамгаалахад ихээхэн төвөгтэй байх нь тодорхой. Нөгөө талаас хятад судлаачид тэднийг мал гэж үзсэнийг анхаарах хэрэгтэй. МЭӨ 265 онд Хүннү нар куайти, таотуг хятадад бэлэглэсэн ба МЭӨ 80 хэдэн онд тахь худалдсан байна.. Архелиогийн судалгаанаас үзэхэд Дархан хотын орчим малтсан Хүннү булшнаас хулангийн толгой 2, Өвөр Байгалаас хулангийн арваад яс олдсон байна. Түүнчлэн Тамсагбулагийн неолитын бууцнаас хулангийн яс 9, хүрлийн үеийн булшнаас 1 тус тус олдсон нь тухайн үед хулан Монголын говиос гадна тал хээр болон ойт хээрийн бүсэд тархан амьдарч байсныг харуулж байгаа бөгөөд 1870-аад оны үед хуучин Санбэйсийн хошуу нутаг, одоогийн Чойбалсан /Дорнод/ аймгийн зүүн өмнө хэсэг болох Сангийн далай, Вангийн цагаан овоо, Мэнэнгийн тал, Гурван загал, Гурван булаг, Чонт, Салхит зэрэг газруудад түгээмэл оршиж байжээ. Ямаан усны хавцал дахь ханан хадан дээрх сүйх тэргэнд хөллөсөн морьдыг дундад азийн сайн үйлдрийн адуу гэж үзсэн байна. Тэрчлэн Ноён уулын булшнаас олдсон ноосон нэхмэл дээрх адууны дүрсийг дээрх үйлдрийн адуу гэж үзжээ. Мөн Эгийн голын 4-р булшнаас олдсон ясан чимэглэлийн хагархай дээр урт нарийхан хүзүүтэй морь сийлсэн нь дурьдсан үйлдвэрт хамаарах бололтой. МЭӨ 101 онд хятадууд Давоныг /Ферга/ довтлохдоо өдөрт 1000 ли /500 км/ туулдаг ер бусын хурдан хүлэг морь олзолсон мэдээ байна. Үүнээс гадна Вэй улсын түүхийн Тулюухуны бүлэгт: өдөрт 1000 ли буюу 500 орчим км хол зам туулдаг морины тухай домгийн шинжтэй зүйл дурьддаг байна.

Судлаач На. Батболд

Сэтгэгдэл (2)Add Comment
0
oyutan
October 19, 2011
202.72.245.61
Үнэлгээ: +0
unshihad iluudehgui

tiim iim geed l tseejee deldeed baidag adagtaa imerhuu zuil medeed avbal heregtei shuu

0
Sonirhogch
April 19, 2012
182.160.63.114
Үнэлгээ: +0
...

Uneheer sonirholtoi buguud medlegiin tsar huree nemsen heregtei medeelel bna bayarlalaa

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод