ЗИМБАБВЭГИЙН ХАЙПЕРИНФЛЯЦИ БА МУГАБЭГИЙН ЦУНАМИ2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 12:45
Виллиад бол эцэг эхээсээ өнчрөн эх орноосоо дүрвэж байгаа сая сая хүүхдүүдийн нэг нь… Хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах тухай дэлхий нийтээрээ тунхаглан зарладаг 21-р зуунд өнчирч хоцорсон эдгээр хүүхдүүдийн эрх байтугай амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тухай алс холын зүс бараан Африкийн Зимбабвэгийн тухай бүдэг сургийг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийн бичиж байна. Энд хүүхдийн эрх хүний эрх дээд цэгтээ хүртэл зөрчигдөж амь нас нь алхам тутамд нь өвчин, өлсгөлөн, дээрэмчин тонуулчдын аюул занал доор чичирч байна. Ер нь Зимбабвэ яагаад тийм байдалд орчихов оо? ЗИМБАБВЭГИЙН ДАРАНГУЙЛАГЧ РОВЕРТ МУГАБЭ ГЭЖ ХЭН БЭ? Одоогийн байдлаар 12 сая гаруй хүн амтай Зимбабвэгийн 3.4 сая буюу хүн амынх нь дөрөвний нэг нь эх орноосоо дүрвээд байгаа юм. ӨАБНУ-д энэхүү дүрвэгсдийн цувааг “Мугабэгийн цунами” хэмээн нэрлэхэд хүрээд байгаа гэнэ. Яагаад гэвэл Африкийн хамгийн өндөр хөгжилтэй хөрш улс болох ӨАБНУ-д өнөөдөр 3 сая Зимбабвэ дүрвэгч орж иржээ. ӨАБНУ-ын эрх баригчид дүрвэгсдэд 6 сарын орогнох эрх өгч байгаа бөгөөд үүнээс хэтэрвэл албадан гаргах, цөллөгт явуулах зэрэг арга хэмжээ авна гэнэ. Цагтаа Африкт ардчиллын загвар болж эрчимтэй хөгжиж байсан энэ орныг 30-аад жил удирдахдаа ядуурал гуйланчлалын туйлд хүргэж дэлхийн түүхэнд хаана ч байхгүй солиотой инфиляцийг “бүтээж”, эх орноо тартагт нь тулгасан удирдагч Роверт Мугавэ гэж хэн бэ? Өнөөдөр дэлхий дээрх хамгийн бурангуй удирдагчдын нэг болоод байгаа түүний талаар дэлхйн хэвлэл мэдээллийн хэрэгсээр янз бүрээр бичиж байна. Ядуурал гуйланчлал, төрийн дарангуйлал айдаст автсан Зимбабвэгийн хүн амын дундаж наслалт хаа нэгтээ балар эртний хүний хэмжээнд хүрчээ. Хүн амын нь дундаж наслалт дөнгөж 34 энэ орны удирдагч Мугабэ харин 85 настай. 1980 онд анх Ерөнхий сайдаар сонгогдож Засгийн эрхэнд гарахдаа хамгийн ардчилагч, шилдэг удирдагчаар тодорч, барууныхны талархлыг хүлээсэн олон арга хэмжээ авч байсан цаг түүнд бий. Олон намын тогтолцоо, бие даасан шүүх засаглалтай, авилгалтай тууштай тэмцэж арьс өнгөөр ялгаварлах явдлыг хүртэл зогсоож хар цагаан арьстнууд тэгш эрхтэй байх суурийг тавьж байжээ. Тэр засгийн эрхэнд гараад олон сургууль эмнэлгийг байгуулж, Африктаа тэргүүлэхүйц боловсролын тогтолцоог бий болгон тус улсын насанд хүрэгчийн 95 хувь бичиг үсэг тайлагдсан Африкийн анхны орон хүртэл болж байжээ. Нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейгэнээс “иргэний дайныг шархыг илааршуулж улс орноо жолоодсон ухаалаг удирдагч” хэмээх магтаалыг сонсон омогшиж явсан энэ ардчилагч яагаад гэнэт ийн “бүх Африкийн шившиг” болсон нь их сонин. Тэр одоо жинхэнэ дарангуйлагч. Нэг хүн ингэж алга урвуулах мэт нэг туйлаас нөгөө туйл хүртэл дүрээ хувиргана гэдэг байж болшгүй зүйл. Үнэн хэрэгтээ тэр жинхэнэ ардчилагч байгаагүй бөгөөд харин анхны гэргий Салли Хайфроны нь харин жинхэнэ нөлөө бүхий далд удирдагч байсан гэдэг. Мугабэгийн хийсэн сайн үйлс бүхэн чухамдаа түүний нөлөө байсан ажээ. Ерөнхийлөгч нь алтан аяганд ус ууж цонхных нь дор ард түмэн нь өлбөрч байдаг Африкийн орнуудын байдлыг Салли зэвүүцэн Зимбабвэг энэ замаар явуулахгүйн тулд бүхэл амьдралаа зориулсан аж. Тэр Мугабэд хамгийн их нөлөөлдөг хүн нь байсан юм. Түүний хүчээр л нэг хэсэг Зимбабвэ улс тусгаар тогтнолоо зарласаны дараа улс шиг улс болж байжээ. 1992 онд Тэргүүн хатагтай Салли нас барснаар түүний баг бүрэн тайлагдаж жинхэнэ төрх нь өнөөдөр дэлхий нийтийн өмнө ил болоод байгаа билээ. Мугабэ төрийн эрхийг авахын тулд өрсөлдөгчийнхөө амь насанд халдсан, эсрэг талыг дэмжсэн хэмээн хардан ндебеле омгийн 25000 хүнийг устгасан зэрэг нь тухайн үед нууцлагдмал байсан бол өнөөдөр эрх баригч намын гишүүн биш хэн нэгнийг гудамжинд залхаан цээрлүүлэх нь ил тод болжээ. Өнөөдрийн Тэргүүн хатагтай, үнэт эдлэлд хэт шуналтай Грэйсийг ард түмэн нь Тэргүүн худалдан авагч хэмээн хочилдог. Тун саяхан тэрээр Гонг Конгод shopping хийж яваад зургийг нь авсан гэрэл зурагчин, сэтгүүлчид халдан зургийн аппаратыг нь булаахыг оролдсон тухай хэвлэл мэдээллээр шуугиад авсан. Дээр өгүүлсэн Виллиард шиг ард түмний сая сая хүүхдүүд эцэг эхээсээ өнчрөн хоцорч орогнох газар, очих эх орон хайн харийн улсын хил дээр амь дүйн явахад Мугабэгийн охин нь Гонг Конгод сурч байгаа тухай шүүмжлэл мөн тасрахгүй байгаа билээ. ЗИМБАБВЭГИЙН ХАЙПЭРИНФЛЯЦИ Өнөөдөр Зимбабвэгийн инфляци чухам хэд болж байгааг хэлэхэд бэрх. 2008 оны 6-р сард Засгийн газраас нь албан ёсоор мэдэгдэхдээ инфиляци 231,000,000% байна гэсэн бол олон улсын шинжээчид үүнээс хэд дахин илүү байгаа гэдэг. Засгийн газар нь эдийн засгаа босгох дорвитой арга хэмжээ авахын оронд өдрөөс өдөрт ханш нь унах үндэсний мөнгөн тэмдэгтээ эрээн цаас болгон том том мөнгөн дэвсгэртүүдийг ар араас нь хэвлэн гаргасаар байна. Хагас жилийн өмнө 100 саяын дэвсгэрт гаргасан бол энэ нэгдүгээр сард 100 триллион зимбабвэ долларын дэвсгэртийг гаргаад байгаа нь эдийн засгийн чөлөөт уналтын хурд ямар байгаа нь харуулах нэгэн жишээ ажээ. Өнөөдөр 1.3 өдөр тутамд үнэ хоёр дахин өсч, ажилгүйдэл дээд цэгтээ тулаад байна. Албан ёсоор бол ажилгүйдэл 80 хувь байгаа ч бодит байдал дээр бүр ч муу байгаа юм. Дөрвөн том эмнэлгийнх нь гурав нь хаагдаж ихэнх сургуулиуд хаалгаа бариад байна. Тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин эмч багш сувилагчид гадагшаа дүрвэжээ. Цаг агаарын таатай нөхцөл, байгалийн баялаг, түүхийн дурсгал ихтэй энэ орны эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаас их ашиг олдог байжээ. Харин одоо энэ бүхэн түүх болон үлдэж эдийн засаг ямар хурдан нурж болдог, ядууралд хүрэх ямар амархан болохын бодит жишээг хөгжиж буй орнуудад үзүүлж байна. Уул уурхай ашгт малтмалын орд баялаг ихтэй бөгөөд дэлхий дээрх цагаан алтны хамгийн том орд газрууд энэ улсад бий. Мөн 2000 онд хийсэн газрын шинэчлэлийн улмаас хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбар нь хамтдаа нурж Зимбабвэд ирэх олон зуун мянган жуулчид чиглэлээ өөрчилж захиалгаа цуцалжээ. Хөдөө аж ахуйг нь нуруундаа үүрч Африкийн хамгийн үржил шимтэй хөрс болгон ашиглаж байсан цагаан арьстуудыг шахах бодлого барьсны үр дүнд өнөөдөр Зимбабвэ цөлжсөн талбай болон хувираад байна. 1999 онд 1.4 сая жуулчин алдарт Висториагийн хүрхэрээ үзэхээр энэ улсад ирсэн бол 2000 онд энэ тоо 75 хувиар багасжээ. Австрали, Герман, Австри тун саяхан Британий авиакомпани нислэгээ зогсоож өнөөдөр зөвхөн Эйр Зимбабвэгийн онгоц Англи руу нислэг хийж байна. Ийнхүү Африк дахь ардчиллын загвар ертөнцийн хязгаар дахь тамын харанхуй болон өвчин гуйланчлал, дарангуйллын зүрх шимшрэм төрх болж байна. Ганцхан талх авахын тулд дааж шуудай мөнгө үүрээд дэлгүүр явах болтлоо доройтсон эдийн засгийн уналтыг эдийн засагчид, шинжээчид хайперинфиляци хэмээн нэрлэж байна. ХОЛЕР БА ОЛОН УЛСЫН ТУСЛАМЖУУД Ядуурал гуйланчлалын дагуул тахал энэ орныг бас тойрсонгүй. 2008 оны 12-р сард албан ёсоор дэлхий нийтэд зарлан тусламж хүсэхэд хүрсэн холерийн тархалт буурахгүй л байна. Анх 10000 халдварын тухай мэдээлж байсан бол 2009 оны 1-р сарын 22-ны байдлаар 50003 тохиолдол бүртгэгдэж 2773 нь нас баржээ. Сар гаруйн хугацаанд дэлхийн олон улсууд сая сая долларын тусламжийг илгээж хамгийн сүүлд арваадхан хоногийн өмнө гэхэд Дэлхийн зөн байгууллага Канадын тусламжийн байгууллагатай хамтран 4 сая долларын тусламжийг үзүүлээд байна. Хэдэн жилийн өмнө 1000 хүн тутамд 150 орчим ДОХ-ын халдвар тээгч байгаа тухай мэдээлж байсан нь өнөөдөр мөн л нэмэгдсэн бизээ. Хоол хүнс, цэвэр усны хомсдол, ямар ч авралгүйгээр хурдан тархах эдгээр тахлууд, дээрээс нь хүн ёсоор амьдрах боломжгүй нийгмийн дарангуйлал гээд хамгийн муу муухай бүхэн энэ улсад шүглэсэн гэлтэй. Яагаад энэ улс ийм байдалд хүрэвээ? Олон намын тогтолцоог халж, хүний хамгийн наад захын эрх болох сонгох эрхийг нь луйвардан нэг хүний дарангуйлал тогтоох ямар аймшигтай үр дагаврыг авчирдгийн жишээ л энэ ажээ. Бэлтгэсэн Т. Баярмаа
Нийтэд түгээх
Найздаа мэдэгдэх
Сэтгэгдэл (2)
![]() |
| ||||||
| |||||||