An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

МАЙКЛ ЖЕКСОНЫ ҮХЭЛД ЭМЧ НЬ БУРУУТАЙ /дэлхий дахинд болж буй зарим үйл явдлын тойм/

ХэвлэхИ-мэйл

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох гэж оролдож байгаатай нь холбогдуулан палестинчуудад олгох 200 сая долларын санхүүгийн тусламжаа хойш тавиад байсан шийдвэрээ америкийн хууль тогтоогчид цуцалсан байна. Палестинчуудад тусламж хуваарилахыг 8 сарын 18-нд зогсоогоод байсан юм байна. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Илеана Рос-Лехтиненийг 9 сарын эхээр Америкийн Олон улсын хөгжлийн агентлагт хандасны дараа палестинчуудад 50 сая долларын эхний тусламж хуваарилагдан очсон байна. Палестины цагдаагийн хүчийг санхүүжүүлэхэд зориулагдсан хоёрдах ээлжийн 148 сая долларын тусламжийг тус хороо, зориулалтынх нь дагуу хэрэглэнэ гэсэн нотолгоог хүлээж авсныхаа дараа шилжүүлсэн байна. Гэсэн хэдий ч Илеана Рос-Лехтинен болон өөр хэд хэдэн конгрессийн гишүүн НҮБ-д палестины улсыг хүлээн зөвшөөрч элсүүлэн авахын эсэргүүцсэн хэвээр байна.

Харь гаригийн соёл иргэншил байдаг гэх нотолгоо өөрт нь байхгүй гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа мэдэгдсэн байна. Ийм хачирхалтай мэдэгдэл хийсэн нь эдний түшмэд үүргээ биелүүлж байгаа хэрэг байна. Учир нь Цагаан ордны интернэт сайтад иргэдээс тавьсан ямарваа нэг асуултын дор тодорхой тооны хүн нэгдэж, гарын үсгээ зурсан нөхцөлд америкийн засгийн газар албан ёсны хариултыг нь өгөх үүрэгтэй байдаг. Саяны тохиолдолд, харь гаригийн биетүүд байдаг гэдэг талаарх мэдээллүүдийг ил болгохыг засгийн газраасаа шаардсан өргөх бичгийн дор 5000 гаран хүн гарын үсэг зурсан бол, өөр 12 мянга гаран хүн харь гаригийнхан хүн төрөлхтөнтэй холбоо тогтоосонд гэдэг мэдээлэлд албан ёсны нотолгоо өгөхийг шаардсан байжээ. Эдгээрийн хариуд Цагаан ордны ш/у, техникийн бодлого эрхэлсэн хэлтсийн ажилтан Фил Ларсон хариулахдаа, Дэлхийгээс гадна амьдрал бий гэх, бас харь гаригийн соёл иргэншлийнхэн хүн төрөлхтөнтэй холбоо тогтоосон гэх ямар ч нотолгоо АНУ-ын засгийн газарт байхгүй гэсэн байна. Үүний зэрэгцээ энэ түшмэл хар гаригийнхан байдаг гэдгийг үгүйсгээгүй байна. Огторгуйн сая живаа оддын хаа нэгтээ амьдрал бий гэх магадлал өндөр” гэж эрдэмтэд үздгийг тэр хэлжээ.

Европын хэд хэдэн улсыг ажил хаялт хамраад байна. Португалид өнөөдөр тээврийн салбарынхан нийтээрээ ажил хаяж байна. Тэдний үйлдвэрчний эвлэлүүд эрх баригчдынхаа эдийн засгийн бодлогод, тэр дундаа хөнгөлөлт тэтгэлгийг бууруулсан, ажилчдыг олноор нь халж байгаад дургүйцэж байгаа юм байна. Италид бас автобус, таксины жолооч нар ажил хаяад байна. Галт тэрэгний буудлууд дээр унаа хүлээсэн хүмүүсийн үлэмж бөөгнөрөл үүсчээ. Засгийн газрынхаа хямралын эсрэг арга хэмжээг дэмжихгүй байгаа ажил хаягчид Силвьвио Берлусконид итгэх итгэл барагдсан хэмээн, түүний засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Өнөөдөр Францад бас төмөр замынхан ажилдаа гарахгүй хоёрдах өдөртэйгээ золгож байна. Энэ салбарынхан ийм маягаар, зорчигч тээврийн зах зээлд шинэ “тоглогчид” оруулах гэсэн ЕХ-ны төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа юм. Хэрвээ энэ хууль нь батлагдвал хүмүүс өөрсдийгөө гудамжинд гарч мэднэ гэж айж болгоомжилж байгаа юм байна.

Энэ оны 3 сарын 31-нээр дуусгавар болсон 2010 оны санхүүгийн жилд Японы төрийн байгууллагууд болон тэнд ажиллагсад нь 428,33 тэрбум иен буюу одоогийн ханшаар 5,5 тэрбум долларын хөрөнгийг зориулалтаас гадуур ашигласан байна. Японы аудитын төв байгууллага-Улсын хянан шалгах зөвлөлөөс ерөнхий сайд Ёшихико Нода-д танилцуулсан жил тутмын илтгэлд ингэж орсон байна. Японы үндсэн хуулийн 90 р заалтын дагуу, Японы улсын хянан шалгах зөвлөл жил бүр засгийн газарт төсвийн орлого, зарлага, төсвийн мөнгөний ашиглалтын талаар тайлан бэлтгэж оруулдаг журамтай. Энэ удаад аудитчид татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан 555 тохиолдлыг илрүүлжээ. Энэ нь 1948 оноос хойш үндэсний хэмжээнд явуулж байгаа уг шалгалтын түүхэнд хоёрт орох том үзүүлэлт болсон байна. Үүнд, тухайлбал гэмт хэргийн сэдэлгүйгээр улсын өмч хөрөнгөнд хайхрамжгүй хандсан, мөн улсын хөрөнгийг луйвардсан хэргүүдийн аль аль нь орж байна. Илтгэлийг зохиогчид, энэ оны 3 сарын 11-ний их газар хөдлөлт, цунамигаар учирсан хохирлын үр дагаврыг арилгахын тулд татвар нэмэх асуудал яригдаж байгаа үед энэ шалгалтын дүнгээ сайд нарт өргөн барьсан нь энэ байна. Төсвийн хөрөнгө мөнгийг зөв, оновчтой, ил тод зарцуулснаар одоогийн татварыг хэвээр мөрдсөн нөхцөлд ч гэсэн улс орноо сэргээн босгох багагүй мөнгөтэй байж болно гэж аудитчид эцэст нь зөвлөжээ. Тухайлбал, хянан шалгах зөвлөл улсын 15 их сургууль, түүний дотор Токиогийн их сургууль нийлээд 225 сая долларын нийт өртөгтэй өөр өөрсдийн дэвсгэр газрыг ашиглахгүй байгааг захиргааны хайхрамжгүй ажиллагаа гэж дүгнэсэн байна. Тиймээс аудитчид хэрвээ тэдгээр их сургууль газраа ашиглах тодорхой төлөвлөгөө танилцуулахгүй бол хурааж, худалдахыг зөвлөмж болгожээ. Мөн гарсан зөрчлүүд дунд нягтлан бодохын заль мэх 425 удаа гарснаараа толгой цохижээ. Эдгээрийн улмаас нийтдээ 181 сая долларын хохирол учирчээ. Энэ салбарт “дээд амжилт” үзүүлсэн этгээд нь японы Швейцарь дах элчин сайдын яамны нэр бүхий нэг ажилтан байна. Тэрээр 2005-2010 оны хооронд 430 сая иен буюу 5,5 сая доллар хувьдаа завшсан юмуу хий үрж заржээ.

Улс орныг нь өрийн хямралаас гаргаж, еврогийн бүсийн тогтвортой байдалд тулгарсан аюул заналыг бууруулахад тус болох учиртай шинэчлэлийг явуулахаа удаашруулахгүй байхыг Грекийн эрх баригчдад уриалсан ЕХ-ны уриалгад АНУ нэгдлээ. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни даваа гаригт тэмдэглэн хэлэхдээ, дэлхийн хамтын нийгэмлэг Афинаас “туйлын түргэн шуурхай” үйл ажиллагаа хүлээж байна гэсэн байна. Энд сануулахад, Грекийн гол хоёр намын хооронд болж байгаа хэлэлцээний дүнд өнөөдөр эвслийн шинэ засгийн газрын тэргүүний нэрийг зарлах ёстой. Одоогийн ерөнхий сайд Георгиос Папандреу огцрохыг зөвшөөрч байгаагаа мэдэгдээд байгаа. Дампуурлын ирмэгт тулсан Грек улсад олон улсын ээлжит тусламжийг олгохын тулд ЕХ төсвийн хөрөнгө мөнгийг хатуу хэмнэх шинэчлэл явуулах болно гэдгээ нотлон илэрхийлэхийг болзол болгон тавьж байгаа юм.

Лос-Анжелесийн шүүх даваа гаригт Майкл Жексоны хувийн эмч Конрад Мюррейг дуучны амь насыг санаатай бусаар хөнөөсөн гэм буруутай гэж дүгнэсэн байна. Нэг хар арьст, зургаан цагаан арьст, испани хэлт 5 хүнээс бүрдсэн Тангарагтнуудын шүүхийн коллеги бүтэн хоёр өдрийн хэлэлцсний эцэст энэ шийдвэрийг санал нэгтэй гаргажээ. Ингэснээр 58 настай Мюррей одоо 4 жил хоригдож, эмчлэх эрхээ хураалгахаар болж байна. Ерөнхий шүүгчийн тушаасны дагуу, Мюррей эмчийг тэр даруй шүүх танхимаас баривчлан авч явсан байна. Ямартай ч ялын тогтоолыг уншиж танилцуулах 11 сарын 29-ний өдрийг хүртэл түүнийг суллагдах эрхгүйгээр ийнхүү баривчлагдсан байна. Поп хөгжмийн хаан Майкл Жексон 2009 оны 6 сарын 25-нд 50 насандаа хүчтэй үйлчилгээтэй өвчин намдаагч эмний тун хэтрүүлсний улмаас өөд болсон билээ. Түүний ах Жермен шүүх хурлын дараа, “Шударга шүүх яллаа. Ахын маань юу ч эргүүлж авчрахгүй ч, эмчийнх нь буруутайг тогтоосонд баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

АНУ-ын төрийн департамент “АНУ-д ажиллаж сурцгаая” хэмээх олон улсын оюутнуудад зориулсан соёлын солилцооны хөтөлбөрт оролцогчдын тоо хэмжээн дээр хатуу норм квот тогтоохоор болж байна. Энэ нь уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас асар олон тооны гомдол санал ирж байгаатай холбоотой байна. Төрийн департаментын сая гаргасан мэдэгдэлд зааснаас үзвэл, цаашид энэ хөтөлбөрт оролцогчдын тоог 2011 оны түвшинд нь хэвээр хадгалахаар болсон байна. Түүнээс гад эднийх, гадаад улс орнууд дах зуучлагчдаар дамжуулж оролцогчдоо олж авдаг америкийн спонсор компаниудад ч хатуу хязгаарлалт тогтоох болж байгаа юм байна. Одоогийн байдлаар, энэ хөтөлбөрийн албан ёсны ивээн тэтгэгч 53 байгууллага байдаг, үүн дээр нэмж шинээр ивээн тэтгэгч байгууллага элсүүлэхэд төрийн департамент хориг тогтоохоор шийдвэрлэсэн байна. “АНУ-д ажиллаж суралцацгаая” нэртэй хөтөлбөр бол олон улсад хамгийн алдартай оюутан солилцооны хөтөлбөрийн нэг байгаа. Үүний дүрэм ёсоор бол, төгсөх курсынхээс бусад курсын оюутнууд зуны амралтын 4 сарынхаа хугацаанд ажиллаж, аялах зорилготойгоор АНУ-д нэвтрэх боломжтой байдгаараа онцлог. Тэд гол төлөв ресторан, зоогийн газар, зочид буудал, парк, дэлгүүрүүдэд үйлчилгээний салбарт ажил эрхэлдэг байна. Татвар хураахаас өмнөх байдлаар тэд цагийн 7,25 долларын хөлстэй ажилладаг ч, энэ хэмжээ нь аль муж улсад ажиллаж байгаагаас нь хамааран өөр өөр байдаг байна. Сүүлийн жилүүдэд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, 1996 онд энд 20000 оюутан хамрагдаж байсан бол, 2008 онд 150 мянга болтлоо өссөн байна. Нийтдээ сүүлийн 10 жилийн хугацаанд 1 сая гаран оюутан залуус энэ хөтөлбөрт оролцжээ.

Бэлтгэсэн Л. ПҮРЭВ

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод