ХАДААС / өгүүллэг /Бичсэн admin 2012 оны 2-р сарын 14, Мягмар гариг, 19:07
Бямба гарагийн орой “Сүүдэр” сонины эзэн Баяраа өрөөндөө сэтгүүлчдийнхээ олзыг хүлээж суув. Засгийн газраас хагас сайн өдрийг амралтын өдөр болгосон явдал Баяраагийг уурыг ихэд хүргэсэн юм. Учир нь долоо хоногт нэг удаа гардаг түүний сонинд энэ шийдвэр нь муу нөлөө үзүүлэх болсон билээ. Нэгдүгээрх нь мэдээж орлогынх нь асуудал. Долоо хоногийн хоёр өдөр амралтын өдөр болчихоор сонин худалдан авагчдын тоо эрс цөөрсөн нь анзаарагдах болсон юм. Тав дахь өдөр гэртээ хариад амарчихаж байгаа улс юу гэж хагас, бүтэн сайнд сонин худалдаж авахаар гудамжинд гарах билээ дээ. Хоёр дахь асуудал нь бол мөн л амралтын өдрүүдэд элдэв мэдээ мэдээлэл түүнд олдох боломж нь багасчихаад байгаа явдал юм. Ихэнх хүмүүс ажил дээрээ янз бүрийн хов жив ярьцгаадаг. Тэр хов бол түүний зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн нь болдог. Хов байхгүй бол Баяраагийн сонин олигтой борлохгүй гэсэн үг. Тийм болохоор Баяраа засгийн газрын тэрхүү шийдвэрт дургүйцэхдээ: “-Ерөнхий сайд өөрийнхөө зугаа цэнгэлийн цагийг нэмэхийн тулд Бямба гарагийг амралтын өдөр болголоо” гэсэн утгатай нийтлэл захиалж бичүүлж ч байсан. Үнэн хэрэгтээ Засгийн газрын шийдвэр зөв байна уу, буруу байна уу гэдгийг тэр сонирхоо ч үгүй. Засгийн газар зөв шийдвэр гаргасан эсэх нь түүнд хамаа ч байхгүй билээ. Түүнд ганцхан зүйл чухал. Тэр нь юу вэ гэвэл сониных нь тэргүүн нүүрэнд гарах дуулиантай материал.Тэр материалаа Баяраа хадаас гэж нэрийднэ. Хадаас материал авчирсан сэтгүүлчдээ бол Баяраа шагналыг ч гар татахгүй өгнө л дөө. Тиймээс сэтгүүлчид нь хадаас материал олохын тулд юу ч хийхээс буцдаггүй юм. Сэтгүүлчид нь хадаас материал олчихвол олз оллоо гэж учиргүй баярлана. Уг олзонд нь давс хачир өгөхдөө Баяраа гаргууд сайн. Мэдээж тэрээр бодит байдлыг нэлээд гажуудуулж байж амжилтанд хүрнэ дээ. Өнөөдөр ч гэсэн тэр хадаас материал хүлээн тэсч ядан сууна. Хадаас материалгүй бол Баяраа сониноо гаргана гэж түүхэнд байхгүй. Энэ ч ойлгомжтой л доо. Баяраа мөнгө олох гэж сонин гаргаж байгаа болохоос биш ямар хаягдал цаас болгох гэж сонин гаргаж байгаа биш дээ. Тиймээс сэтгүүлчид нь сониныхоо эзний занг мэдэх хойно сенсаац тарих материал олохын тулд амь наагуур там цаагуур л шогшино. Нэг удаа түүний залуухан сэтгүүлч бүсгүй нүүр амаа улаан нялга болгочихоод л редакци руугаа галзуу юм шиг цамнан, орж ирсэн билээ.Тэгэхэд бүсгүй: -Танихгүй хоёр залуу хутга тулгаж байгаад намайг зодож нүдлээ. Ахиад сонин хэвлэл дээр УИХ-ын гишүүний тухай бичвэл чамайг ална шүү. Хэн явуулсныг нь мэдэж байгаа биздээ” гэсэн гээд л уйлж бахирч гарсан юм. Баяраа ч бүсгүйг худлаа ярьж байгааг ойлгосон. Хэн нэгнээр өөрийгөө хуйвалдаж шоглуулчихаад тэгж байгааг сайн ойлгосон. Гэхдээ түүнд өөрт нь ашигтай болохоор л дуугүйхэн “УИХ-ын эрхэм гишүүн “Сүүдэр” сонины сэтгүүлчийн эрүүл мэндэд санаатайгаар халдаж заналхийллээ” гээд л тэргүүн нүүрэндээ томоос томоор бичээд мөнөөх сэтгүүлчийнхээ улаан нялга болсон зургийг тавиад нийтэлж орхисон. Түүний сонинд элдвээр бичүүлж байсан аль нэг улсын их хурлын гишүүнийг тэр гэхэв дээ. Зарим нь ч үнэний ортой гардаг. Зарим нь ч яахав дээ, дэгс ярианд гүтгүүлдэг биз. Хэн нь тодорхой биш учраас ямар ч их хурлын гишүүн түүнд гомдол гаргалгүй тэгээд л өнгөрсөн. Харин мөнөөх сэтгүүлч бүсгүйнх нь хамар үл ялиг тахир болоод эдгэчихсэн юм. Чамлахааргүй мөнгө авсан тэр сэтгүүлч нь хамрынхаа тахирт огт эмзэглээгүй агаад одоо ч тэр хэвээрээ явдаг билээ. Өнөөдөр ч гэсэн түүнд тэргүүн нүүрний хадаас материал олдохгүй байгаа учраас тэр толгойгоо гашилгаж суугаа нь энэ юм. Баярааг тийнхүү сууж байтал эхнийх нь сэтгүүлч орж ирэв. Баяраа түүнийг духаараа харснаа: - За, Цогоо ямар материалтай ирэв? хэмээн итгэл муутайхан асуув. Цогоо хэмээгч гуч гаруй насны сөлөрдүү шар эр эзнийхээ зүг их л хэрэг бүтээсэн царайлан : -Эрхлэгч ээ, би нэг одой хүнтэй сексийнх нь амьдралын талаар ярилцлага хийгээд ирлээ хэмээв. Баяраа: -Хэр зэрэг сонирхолтой ярилцлага юм бэ дээ? гэж дууныхаа өнгийг нэг их өөрчлөлгүй асуув. Цогоо: -Гайгүй ээ, ерөнхийдөө тэр одой эр хүн болсныхоо хувьд энэ насандаа ханатлаа ганц секс хийгээд үхчих юмсан гэж боддог юм байна гэж нэг л сэтгэл хангалуун өчив. Баяраа: -Болж байна. Тэгэхдээ наадхи одой чинь ерөөсөө хүнтэй унтаж үзээгүй хүн үү? хэмээн түрүүчийнхээсээ илт сэргэсэн өнгөөр асуугаад цааш нь яриа өрнүүллээ. Цогоо: -Биеэ үнэлэгчтэй хаа нэг унтаж үзэж байсан юм байх. Дандаа бэлгэвчтэй харьцдаг болохоор өөрт нь олигтой таашаал өгдөггүй гэнэ. Тэгээд ч нөгөө янхнууд мөнгийг нь авч байгаа хэрнээ одойтой хүнийх нь хувьд олигтой харьцдаггүй юм байх аа. Баяраа: -Наанаас чинь нэг юм цухуйх гээд л байх шиг байна даа. Өөр сонирхолтой зүйл ярив уу? Цогоо: -Тэр одой хүн ярихдаа, намайг эр хүний минь хувьд жаргаах эмэгтэй хүнд би өөрт байгаа бүх зүйлээ зориулах болно. Тийм хүнтэй унтвал үхэхэд ч харамсалгүй гэж байна лээ. Баяраа: -Тэр одой чинь тэгээд юу хийдэг хүн юм бэ? Хаана амьдардаг юм бэ дээ? Цогоо: -Уул нь ч тийм ядарсан хүн биш юм байна лээ. Эхээсээ үлдсэн хоёр өрөө байрандаа амьдардаг юм байна. Эцэг нь багад нь мань эрийг голоод хаячихсан юм байна. Зураг зурж л амь залгадаг юм байна. Монгол зургийн аргаар зурсан зургуудаа жуулчдын компаниудад бэлэг дурсгалын зүйл болгон зардаг гэсэн. Бас модоор хөөрхөн хүүхэлдэй хийдэг юм байна. Би хүүхэлдэйнээс нь сониндоо зургийг нь тавих гэж хэлээд аваад ирсэн. Баяраа : -Алив тэр хүүхэлдэйг нь үзье. Цогоо цүнхнээсээ хүүхэлдэй гарган Баяраад өгөв. Уг хүүхэлдэй үнэхээр хөөрхөн аж. Хэн ч харсан “Цасангоо байна” гэж шууд хэлэхээр байв. Баяраа: -Энэ чинь Цасангоо байна шүү дээ. Их эд юм. Мань мэт нь ийм хүүхэлдэй хийе гэж мянган өдөр оролдоод ч чадахгүй. Ингэхэд энэ одой чинь хэдэн см өндөртэй юм бэ дээ? Цогоо: -Нэг метр хорин см орчим гэсэн. Баяраа: -Арав хорин см хасаад биччихмээр юм байна. Ингэхэд чи энэ ярилцлагандаа ямар нэр өгөх гэж бодож байна? Цогоо: - Би ч яг оноож нэр өгөөгүй байна л даа.Гэхдээ “Одой эр Сансар: Нэг сайхан секс хийж үзэх юмсан” гэдэг нэр өгдөг юм уу гэж бодоод байгаа. Ер нь та өгсөн нь дээр байх аа. Баяраа: - Наадах чинь хэтэрхий энгийн хүний сонирхол нэг их татахгүй нэр байна. Тэрний оронд “Нэг метр таван см өндөртэй одой Сансар: Надад сексийн жаргал өгсөн эмэгтэйд хоёр өрөө байраа өгнө” гээд өгчихвөл дээр юм байна. Цогоо: -Тэр муу одой ч зайлуул, үнэндээ байраа өгнө гэж ч хэлээгүй л дээ. Хамаг сэтгэл зүрхээ зориулна гэж хэлэх шиг болсон. Баяраа: “-Бүх зүйлээ зориулна” гэсэн юм байгаа биз дээ. Цогоо: -Тэгж ч хэлсэн л дээ. Баяраа: - Тэгвэл ойлгомжтой шүү дээ. Бүх зүйлээ гэж байгаа юм чинь байр нь орж л таарна. Тэгээд ганц секс хийснийхээ төлөө хүнд байраа өгдөг ямар хүн байх юм бэ? Хүүхнүүдийг хошгируулахгүй юу. Тэр муу одой чинь зайлуул эр хүн байна даа. Ядаж ганц нэг хүүхэн цохиг л дээ. Болж өгвөл бэлгэвчгүй секс хийж жаргал агсан хүнд гээд оруулчих хэрэгтэй байгаа юм. Ерөөсөө тэгээд оруулчихъя. Цогоо: -Эрхлэгч ээ, арай дэндэх юм биш үү. Сүүлд нь нөгөө одой чинь нэр төрд халдлаа энэ тэр гэвэл яах вэ? Баяраа: -Чи ярилцлагаа хуурцган дээр бичсэн юм байгаа биз дээ. Цогоо: -Тэгсэн тэгэлгүй яахав. Баяраа: -Тэгвэл юу болдог юм бэ. Юу ч болохгүй. Харин чи нэр мэрэн дээр нь хулчиганаад байвал наад материалыг чинь тэргүүн нүүрэнд оруулахгүй шүү! Цогоо: - За за. Таны хэлснээр нэрлэе дээ. Баяраа: - Чи одоо харивал харьдаа. Маргааш эртхэн ирж хариуцсан нүүрээ буулгаарай. Цогоо: - За. Эрхлэгч ээ.
Хоёр.
Өдөржин тэргүүн нүүрний материал хүлээж суусан Баяраа Цогоог гарсны дараа чилсэн биеэ тэнийлгэн хэд суниаснаа буцаж ширээндээ тухлав. Энэ үед саяхан ажилд орсон туранхай бор залуу гурван давхар луу хар эрчээрээ гүйж гарсандаа амьсгаагаа дарж ядан : “-Эрхлэгч ээ, нэг хэрэг олоод ирлээ” хэмээн оволзуулан хэлэв. Баяраа: - Их л ноцтой хэрэг олоо юу, Дэлгэр ээ? Дэлгэр: -Тэгсэн. Нэлээд ноцтой хэрэг. Цагдаагийн нэг хөгшин хурандаагийн бэр нууц амрагтайгаа машинд байж байгаад угаартаад үхчихэж. Баяраа: -Хаана болсон хэрэг юм бэ? Дэлгэр: - Баянзүрх дүүрэгт Баяраа: -Яг яасан бэ?. Нөхөр нь ямар хүн байна? Дэлгэр: -Нөхөр нь Америкт сурдаг юм байна. Жил гаруй болж байгаа юм байх. Тэгээд нэг бизнесмен залуутай нууц амрагийн холбоотой болсон юм байна. Тэрэнтэйгээ цуг урьд шөнө гараажид байж байгаад машиныхаа паарны угаарт цохиулаад хоёулаа үхчихсэн байна. Баяраа: -Цагдаагийн тэр хурандааг хэн гэдэг юм байна? Эрүүгийнх юм уу мөрдөнгийнх юм уу? Дэлгэр: -Мөрдөн байцаагч юм байна. Болд гэл үү, нэлээн алдартай, нөлөөтэй хүн байна. Баяраа: -Болд хурандаа юу. Би танина. Их нөлөөтэй нөхөр байгаа юм. Тэрний нэр усыг оруулаад хэрэггүй шүү. Харин тэр бизнесмен нь ямар ажил эрхэлж байсан хүн бэ? Дэлгэр: -Алтны уурхайн эзэн юм байна. Хөдөө хот хоёрын хооронд л явдаг хүн байсан гэсэн. Тэгээд л нэг ирэхдээ ийм болчихож байгаа юм. Баяраа: - Хэдий хэр насны хүн бэ. Авгай хүүхэд нь гэж юу хийдэг, ямар хүн бэ. Мэдсэн үү? Дэлгэр: - Авгай нь бие муутай, гэртээ байдаг хүн гэсэн. Нэг хүүхэд нь оюутан. Хоёр хүүхэд нь дунд сургуульд сурдаг юм байна. Гурван охинтой хүн байж. Баяраа: -Тэр нөхрийн өөр ах дүү, садан сүлбээ нь юу хийдэг юм бэ дээ, нөлөөтэй хүн эргэн тойронд нь байна уу? Дэлгэр: -Нэг их тодроогүй компани юм байна. “Монгол гулдмай” гэдэг компаний захирал. Нөлөөтэй гэх хүн ар гэрт нь лав байхгүй дэг. Баяраа: -Алтны компани л бол алтны захирал. Наад нөхрийг чинь харин зураг хөрөгтэй нь айхан тавьчихъя. Гэхдээ цагдаагийнханд хэдэн цаас өгч байгаад тодруулга авах хэрэгтэй шүү. Харин тэр хөгшин хурандаагийн нэрийг нь ч дурдах хэрэггүй. Гай л болно. Дэлгэр: -Уул нь тэр хурандаагийн нэрийг тавибал жинхэнэ хадаас болно доо”. Баяраа: -Тэр нь ч тийм. Тэгэхдээ учир байна аа. Угаасаа бөгс бөөрний юманд манайхан дуртай хойно. Манайхан сонирхож л таарна. “ Монголын алтны хаадын нэг нууц амрагтайгаа цуг учир битүүлгээр нас баржээ” гээд л бичихэд сүйд майд болно. Дотор нь тэгээд компанийх нь нэр усыг, өөрийнх нь нэр устай тавьчихъя. Тэргүүн нүүрэн дээрээ хүн мэддэггүй компаний нэр тавьчихвал уншигчид ач холбогдол өгөхгүй байх. Тэгээд үхсэн хүмүүс үг хэлэх биш, өр нэхэх биш чи болсон явдлыг жаахан давсалчихаарай. Хоёулаа чармай нүцгэн тэврэлдэж байсан энэ тэр гээд. Дэлгэр: -Тэгье, тэгье. Баяраа: - Одоо чи наадхыгаа хурдан бичээд бичээчид өгөөдөх. Дэлгэр: -За за. Дэлгэр урамшин ширээн дээрээ суух мөчид Баяраагийн гар утас дуугарав. Баяраа: -Зохиолч оо, нөгөө материал чинь юу болж байна. Харилцуурын цаанаас зохиолч: -Маргааш өглөө өгье. Баяраа: -Би чамайг ойлгосон байх гэж бодож байна. Өмнөх дугаар дээр гарсан материал чинь үнэмшил муутай байсан шүү. Хэзээ нөхрийгөө араар нь тавиад ирж байхад монгол авгай уужуу ухаан гаргаад сууж байх юм. Түүний оронд үс гэзгийг зулгаагаад , галзууруулаад бүр галзуугийн эмнэлэгт очуулчихвал дээр байсан юм. Ахиж тийм найдваргүй материал би авахгүй шүү. Одоо чи нэг сайхан сүнстэй холбоотой материал зохиогоод өг. Хүн ангайж итгэтэл бичнэ шүү. Зохиолч: -Улаанбаатарт болж байгаагаар бичсэн нь дээр үү? Баяраа: -Тэр нь дээг. Аль нэг аймагт болсноор бичвэл нутаг орных нь хүмүүс манай нутагт ийм юм болоогүй гэж хэл ам татлаад байна. Юу ч болж байсан Улаанбаатар нь дээр. Энэ их хотын аль байшинд, ямар хороололд сүнс байна вэ?гэж хайгаад ч учир нь олдохгүй юм чинь. Яах вэ, яах ч үгүй. Энэ Улаанбаатарын гэр хороолол чинь угаасаа аймшиг байдаг шүү дээ. Зохиолч: -За за. Ойлголоо. Маргааш өглөө өгье. Баяраа: -Чи материал тасалж алав аа. Зохиолч: -За за. Баяраа утсаа тавьж орход өрөөн дотроо хэдэнтээ холхив. Тэгснээ бичээчдээ хандан: “-Чи энэ Дэлгэрийг материалаа бичиж дуусахаар нь биччихээд яваарай. Тэр хооронд нөгөөдүүл чинь материал авчирвал авчихсан байгаарай. Би маргааш өглөө эрт ирнэ. Маргааш сониноо хийж дуусгахгүй бол болохгүй шүү. Цаадуулыгаа ч гэсэн эрт ирээрэй гэж хэлээрэй” хэмээгээд гадуур хувцсаа өмсөн цүнхээ бариад өрөөнөөсөө гарав. Баярааг гудамжинд гарахад бямба гарагийн налгар орой налайн хүмүүс нэг л тайван алхацгааж байв. Харин Баяраа үдшийн сайхныг үл анзааран “-Энэ хотод хадаас хийчих ганц сайхан хэрэг гарахгүй юм байхдаа” гэж бодож явлаа. Ц.Буянзаяа 2006.04.29
Нийтэд түгээх
Найздаа мэдэгдэх
Сэтгэгдэл (0)
![]() |
| ||||||
| |||||||